МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарыг улиран сонголоо

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарыг улиран сонголоо

Mонголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнөөдөр боллоо. Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь хүрэлцэн иржээ.

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг дахин сонгогдлоо. Харин тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчид зургаан нэр дэвшигч өрсөлдсөнөөс Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, гимнастикийн холбооны Г.Ерөөлбат болон Монголын чөлөөт бөхийн холбооны төлөөлөл Я.Содбаатар нар нэрээ татсан.

Ингээд үлдсэн гурван нэр дэвшигчийн дунд санал хураалт явагдахад одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар 111 саналаар улиран сонгогдлоо.

Монголын ширээний теннисний холбоог төлөөлөн Ц.Гантулга 95 саналаар дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 14 хүн нэр дэвшсэнээс долоон гишүүн сонгогдлоо. Үүнд Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөр гэсэн долоон хүн хамгийн олон хүний санал авч, тэднийг баталлаа. Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Номин, А.Ганбаатар нар нэрээ татав.