Евразийн хамгийн өндөр галт уулаас халуун лав урсаж эхэлжээ

Евразийн хамгийн өндөр галт уулаас халуун лав урсаж эхэлжээ

Камчаткийн хойгийн Ключевской хэмээх галт уулаас сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа лав буюу халуун хайлмаг урсаж буй талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

Галт уулын тогооноос лав урсаж байгаа зургийг “Sentinel-2” хиймэл дагуулын тусламжтайгаар авчээ. Халуун лав нь 2.8 км урссан бөгөөд урсгалын дунд болон доод хэсэгт их хэмжээний утаа гарч байгаа бөгөөд энэ нь лав цас, мөстэй холилдсонтой холбоотой гэж "KVERT" хэмээх Камчаткийн галт уулсын талаар мэдээлдэг байгууллага мэдээлжээ.

Ключевской галт уул өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нээс идэвхжиж оргилж эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Галт уулын тогооны ирмэг нурсны улмаас лав урсаж эхэлсэн гэж эрдэмтэд үзэж байна.

4750 метр өндөр уг галт уул нь Евразийн хамгийн өндөр, идэвхтэй галт уул юм. Ключевской галт уул Петропавловск-Камчатк хотоос 360 км зайтай газар оршдог бол түүнээс 47 км-ийн зайтай газарт Ключи, Козыревск тосгонууд байдаг ажээ.