Монгол Улсад олимпын таеквондогийн Азийн АШТ зохион байгуулна

Монгол Улсад олимпын таеквондогийн Азийн АШТ зохион байгуулна

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Тэмцээнд Азийн 45 орны шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр өрсөлдөх юм. Мөн энэ тэмцээн нь 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Айчи мужийн Нагоя хотод болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрх олгох онцлогтой. Түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч, доктор Чое Чунвон тэмцээнд биечлэн хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ. Мөн тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох “America’s Got Talent” шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж таеквондогийн ур чадвар, үзүүлбэрийг сонирхуулах аж.

Монголын тамирчидын хувьд өмнө нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байжээ. Энэ удаагийн тэмцээн нь Монголын тамирчдад ур чадвараа дахин бататгах, шинэ амжилт гаргах боломж болохын зэрэгцээ эх орноо Ази тивд сурталчлах, таеквондогийн спортыг хүүхэд, залуучуудад түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.