АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны шинэ дээд удирдагчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны шинэ дээд удирдагчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны шинэ дээд удирдагчаар Можтаба Хаменеиг томилогдсонд "сэтгэл хангалуун бус" байгаагаа илэрхийлсэн тухай Fox News суваг мэдээлжээ. 

Тодруулбал, Fox News-ийн хөтлөгч Брайан Килми хэлэхдээ, уг томилгооны дараа ерөнхийлөгчтэй ярилцахад Д.Трамп "Би сэтгэл хангалуун бус байна" гэж хэлсэн байна. Гэвч уг ярианы талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд Д.Трамп ч энэ талаар албан ёсоор хараахан мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Можтаба Хаменейг Ираны шинэ дээд удирдагчаар томилсон нь тус улсын эрх баригчдын хувьд "оршин тогтнохын төлөөх тэмцэл" болж байгаа аж. Хэдийгээр Можтаба Хаменей уг албан тушаалыг хүлээн авсан ч 40 гаруй жилийн турш нөлөөгөө бэхжүүлсэн эцэгтэйгээ адил хүчирхэг байр суурийг богино хугацаанд бий болгох боломжгүй гэж ажиглагчидд үзэж байгаа аж.

Түүний гол үүрэг нь Ираны эрх баригчдын дээд түвшний бүлгүүдийн хооронд үүссэн зөрчил, хагарлыг зохицуулахад чиглэх магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна. Учир нь сүүлийн үед Ираны ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудаас гарч буй мэдэгдлүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь улс төрийн нөхцөл байдлыг илүү тодорхой бус болгож байгаа аж. 

Тиймээс Можтаба Хаменейг сонгосон 88 гишүүнтэй шашны байгууллагын хувьд энэхүү шийдвэр нь дэглэмийн оршин тогтнох асуудалтай шууд холбоотой ажээ. Учир нь Можтаба Хаменей өмнө нь эцгийнхээ гол “хаалгач” буюу ойрын зөвлөхөөр нэрлэгддэг байсан бөгөөд дэглэмийн дотоод үйл явцын талаар гүнзгий мэдлэгтэй гэж үздэг байна. 

Сонирхуулахад, Можтаба Хаменей 1969 оны есдүгээр сарын 8-нд Ираны зүүн хойд хэсгийн Машхад хотод төрсөн. Тэрээр Ираны дээд удирдагч агсан Али Хаменеигийн зургаан хүүхдийн хоёр дахь нь аж. Тэрээр Тегеран хотын шашны чиглэлийн нэр хүндтэй Алави сургуульд дунд боловсрол эзэмшсэн байна. Улмаар 17 настайдаа тэрээр Иран-Иракийн дайны үеэр богино хугацаанд цэргийн алба хааж байсан гэж Ираны хэвлэлүүд мэдээлдэг байна.

Найман жил үргэлжилсэн энэхүү дайн нь Ираны эрх баригчдыг АНУ болон Барууны орнуудад илүү болгоомжтой хандахад хүргэсэн гэж үздэг. 1999 онд Можтаба Хаменей шиит шашны судалгааны чухал төв болох Кум хотод очиж шашны гүнзгийрүүлсэн боловсрол эзэмшиж эхэлсэн аж. 

Эцгээсээ ялгаатай нь Можтаба Хаменей олон нийтэд бараг ил гардаггүй, нууцлаг байр суурь баримталсаар иржээ. Тэрээр ямар нэгэн төрийн албан тушаал хашиж байгаагүй бөгөөд олон нийтэд хандаж илтгэл тавих, ярилцлага өгөх нь тун ховор нэгэн аж.

Гэсэн хэдий ч эцгийнхээ ойрын хүрээлэлд нөлөө бүхий хүн байсан тухай олон жилийн турш яригдаж иржээ. 2000-аад оны сүүлээр WikiLeaks-ээр нийтлэгдсэн АНУ-ын дипломат баримт бичгүүдэд түүнийг "ламын хувцасны цаадах жинхэнэ хүч" хэмээн тодорхойлж, дэглэмийн дотор "чадварлаг бөгөөд нөлөө бүхий удирдагч" гэж үнэлсэн байдаг гэж Associated Press мэдээлж байжээ.

Эх сурвалж: BBC