Даймонд Стөүн "Завхан Бродерс" багаас 57 саяын урьдчилгаа цалин аваад Венесуэл рүү "зугтжээ"

Даймонд Стөүн "Завхан Бродерс" багаас 57 саяын урьдчилгаа цалин аваад Венесуэл рүү "зугтжээ"

Даймонд Стөүн нь “Үндэсний дээд лиг”-т гурав дах жилдээ тоглохоор “Завхан Бродерс” багтай гэрээ байгуулж, Монголд ирсэн. Түүний хувьд “Үндэсний дээд лиг”-т өмнө тоглосон жилүүддээ талбайн гадуур нилээдгүй олон асуудалд орооцолдож байсан билээ.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сард  “Үндэсний дээд лиг”-ийн “Завхан Бродерс" багт тоглохоор тохиролцож, Монгол Улсад ирсэн бөгөөд багийн зүгээс нэг сарын цалин болох 16,000 ам.доллар буюу 57 сая төгрөгийн цалинг урьдчилан олгожээ.

Гэтэл Даймонд Стөүн 2025-2026 оны улиралд тоглох гэрээ байгуулсан Тайвань улсын "Taipei Taishin Mars" багтайгаа албан ёсоор тохиролцож, гэрээгээ цуцлалгүй багаа орхин Монголд иржээ. Үүний улмаас "Taipei Taishin Mars" баг Даймонд Стөүнийг багаас  чөлөөлөх бичиг /clearance/ явуулах боломжгүй гэдгээ мэдэгдэж, FIBA буюу “Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбоо”-нд гомдол гаргаснаар, Монгол Улсын “Үндэсний дээд лиг”-т тоглохыг FIBA-гаас хориглосон аж.  

Уг шийдвэр гарсны дараа Даймонд Стөүн “Завхан Бродерс” багт мэдэгдэлгүйгээр Венесуэлийн лигийн "Marinos de Anzoategui" багтай тохиролцож, Завхан Бродерс багаас авсан 16,000 ам.долларын урьдчилгаа цалингаа эргүүлэн төлөлгүй "зугтжээ".