ОХУ-ын Чита хотод байрлах Зүүн Сибирийн 2-р тойргийн цэргийн шүүх Эрхүү мужийн хууль тогтоох хурлын гишүүн асан Михаил Матхановыг эх орноосоо урвасан болон террорист гэж тодорхойлсон байгууллагад элсэхийг завдсан хэрэгт буруутай гэж үзэн 20 жилийн хорих ял оноожээ.
Шүүхээс түүнд эхний таван жилийг энгийн шоронд, үлдсэн хугацааг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 500 мянган рублийн торгууль ногдуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын “ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба”-ны ажилтнууд түүнийг Орос Монголын хилээр, Хиагт чиглэлд гарахыг завдаж байхад нь саатуулсан байна.
Буриадын Прокурорын газрын мэдээлснээр, Матханов нь 2022 оны арванхоёрдугаар сард “Оросын зэвсэгт хүчнийг ялахад дэмжлэг үзүүлэх”-ийн тулд Украинд санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор гадаадын иргэнд 3000 гаруй ам.доллар шилжүүлснийг шүүх тогтоожээ. Мөн тэрбээр ОХУ-д террорист байгууллагаар зарлагдсан гадаадын хагас цэрэгжүүлсэн бүлэглэлд элсэхээр Украины талын төлөөлөгчидтэй удаа дараа холбоо барьсан гэж үзсэн байна.
Матханов нь Буриадад Сибирь, Алс Дорнодын бүсийн архи, согтууруулах ундааны томоохон үйлдвэрлэгч байсан Байкалфарм компанийн удирдлагаар ажиллаж байсан бизнес эрхлэгч гэдгээрээ танигдсан нэгэн юм. Тус компани 2014 онд дампуурлаа зарлажээ.
Эх сурвалж: Коммерсантъ