ВИДЕО: АНУ-ын шумбагч онгоц Ираны байлдааны хөлгийг живүүлжээ

ВИДЕО: АНУ-ын шумбагч онгоц Ираны байлдааны хөлгийг живүүлжээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет өчигдөр /2026.03.04/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын шумбагч онгоц олон улсын усанд явж байсан Ираны байлдааны хөлгийг живүүлсэн гэж мэдэгджээ. Энэ нь Дэлхийн II дайнаас хойш АНУ-ын шумбагч онгоц торпедо ашиглан байлдааны хөлөг живүүлсэн анхны тохиолдол болж магадгүй гэж албаныхан онцолж байна.

ВИДЕО: 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, "Олон улсын усанд аюулгүй байна гэж бодсон Ираны байлдааны хөлгийг Америкийн шумбагч онгоц торпедоор цохиж живүүлсэн" гэжээ. Пентагон уг довтолгооны бичлэгийг нийтэлсэн бөгөөд бичлэгт хөлгийн хойд хэсэгт хүчтэй дэлбэрэлт болж, улмаар усанд живж буй дүрс харагдах аж. 

Шри Ланкийн тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч Буддика Сампат лхагва гараг /2026.03.04/-ийн өглөө мэдээлэхдээ, Ираны живсэн хөлгөөс "хэд хэдэн цогцос" олдсон бөгөөд дор хаяж 32 хүнийг аварсан гэж мэдэгдсэн байна. Одоогоор тэнгисийн цэрэг, агаарын хүчин болон эргийн хамгаалалтын алба хамтран эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн АНУ-ын Зэвсэгт хүчний Нэгдсэн штабын дарга генерал Дан Кейн энэ нь 1945 оноос хойш АНУ-ын шумбагч онгоц торпедо ашиглан байлдааны хөлөг живүүлсэн анхны тохиолдол болохыг онцолсон байна. Тэрээр яг аль түүхэн үйл явдлыг хэлж байгаагаа тодорхойлоогүй ч 1945 онд USS Torsk шумбагч онгоц Японы хэд хэдэн байлдааны хөлгийг устгасан түүх бий ажээ. 

Торпедо зэвсгийг түүнээс хойш ашиглаж байсан ч ихэвчлэн нисэх онгоцноос хаях хэлбэрээр хэрэглэж иржээ. Тухайлбал, 1951 онд АНУ-ын довтлох эскадриль Өмнөд Солонгост байрлах нэгэн даланг торпедоор харваж, дайсны давшилтыг зогсоож байсан байна. Мөн 1999 онд АНУ-ын нэгэн шумбагч онгоц тэсрэх бодисоор живүүлэх оролдлого бүтэлгүйтсэн газрын тос тээвэрлэгчийг торпедо ашиглан живүүлж байжээ.

Эх сурвалж: CNN