Төмрийн үйлдвэрт гарсан галыг  унтрааж 4,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ

Төмрийн үйлдвэрт гарсан галыг унтрааж 4,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ

Дөрөвдүгээр сарын 17-ны шөнийн 22.00 цаг орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо бидний мэдэхээр Гурвалжингийн гүүрний хажуу дах модны захад гал гарсан.

“Хялгант” модны захад өрөөтэй байсан бэлтгэсэн хуурай моднууд хормын төдий шатаж иргэн М-ын 2000 ширхэг дүнз мод, “Тайг-4” загварын суурин хөрөө, иргэн Л, О нарын 1810 ширхэг дүнз мод, “Алтай-900” загварын суурин хөрөө шатжээ. Гал түймэр ингээд зогссонгүй. Модны захын хажуу дах 12 метрийн өндөр, төмрийн үйлдвэр “Түмэн төмөрт” компаний хажуу руу орсон байна.  

Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах нийт 31 хаагчид 2 цаг 30 минут ажиллаж уг түймрийг унтраажээ.

Уг гал түймрээс урьдчилсан байдлаар 4.7 тэрбум төгрөгний эд хөрөнгө авран хамгаалсан талаар ОБЕГ-с мэдээлсэн. Бид түймрийн дараах нөхцөл байдал хэрхэж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Хялгант модны зах дээр очих үед захын менежер, хариуцах албан тушаалтан байсангүй. Тэнд хувь хүмүүс модоо бэлтгэж худалддаг байна. Захын хамгийн хойд хэсэгт байрлах өндөр өрөөтэй моднууд шатсан бололтой. Хүмүүс үнсийг нь цэвэрлэж байлаа. Азаар салхи урдаасаа байж бусад олон арван хүний өмч шатчихалгүй үлджээ.

Захын удирдлагуудтай утсаар холбогдоход “Гал хаанаас ч гарсан байж болзошгүй гэж үзэж байна. Одоогоор галын шинжилгээ хийгдэж байгаа. Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Харин Түмэн төмөрт компанийн 24х54 метрийн хэмжээтэй, 12 метрийн өндөртэй нүсэр том барилгын дээврийн хэсэг болон урд талын хана шатсан байна. Энэ барилгын галыг унтрааж амжаагүй бол нийт 4,7 тэрбум төгрөгийн хохирол учрах байжээ.

Тус компанийн захирлаас тодруулахад “Одоогоор тодорхой мэдээлэл алга. Галын дүгнэлт гараагүй хэнийг ч буруутгах вэ. Манай үйл ажиллагаа доголдож,үйлдвэрлэл зогссон байдалтай байна. Шөнө байсан болохоор ямар нэг хүн бэртэж гэмтээгүй. Хэргийн шинжилгээ хийгдэж байгаа 10 хоногийн дараа гарна. Камерийн бичлэгүүдийг цагдаа нар аваад явсан” гэлээ. Энэхүү ослоос хохирсон иргэд одоогоор цагдаагийн байгууллага дээр гомдлоо хүргүүлж хохирлоо барагдуулахаар явж байгааг тэнд байсан хүмүүс хэллээ.