Өмнөд Солонгосын прокурорууд BTS хамтлагийн гишүүн Жонгүгийг мөрдөж, Сөүл хот дахь түүний гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэгт холбогдуулан Бразил улсын иргэн эмэгтэйд яллах дүгнэлт үйлдсэн талаар өчигдөр /2026.03.03/ мэдэгджээ.
Сөүлийн Баруун дүүргийн прокурорын газраас мэдээлснээр, 30 орчим настай уг эмэгтэйг “Мөрдөх гэмт хэргийг шийтгэх тухай хууль”-ийг зөрчсөн болон хувийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татжээ. Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны 1 дүгээр сарын хооронд Жонгүгийн Сөүл хотын Ёнсан дүүрэгт байрлах гэрт ойролцоогоор 20 удаа очиж, хаалганы хонх дарах эсвэл захидал үлдээх зэргээр мөрдсөн гэж үзэж байна.
Сэжигтэн прокурорт мэдүүлэхдээ ийм үйлдэл хийсэн шалтгаанаа “Жонгүгт хайртай учраас” хэмээн тайлбарласан байна.
Уг эмэгтэйг анх 12 дугаар сард үйлдэл дээр нь баривчилсан ч удалгүй сулласан байна. Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллагаас түүнийг Жонгүгийн оршин суугаа газраас 100 метрээс дотогш ойртохыг хориглосон байжээ. Гэвч тэрээр хоригийг үл тоон дахин дахин Жонгүгийн гэрт очихыг оролдсон тул цагдаагийн байгууллага энэ оны 2 дугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Yonhap