Ираны эсрэг цэргийн цохилт эхэлснээс хойш анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ийм хэмжээний цэргийн ажиллагааг эхлүүлэх эрхтэй байсан эсэх асуудал Конгресст хэлэлцэгдэх гэж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Дайны эрх мэдлийн тухай хуультай холбоотой санал хураалтыг Лхагва гараг /2026.03.04/-т орон нутгийн цагаар 16:00 цагт Сенатад хийхээр товложээ. Энэхүү санал нь ерөнхийлөгчийн цэргийн ажиллагаа явуулах эрх мэдлийг хязгаарлах зорилготой боловч мөргөлдөөний нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа болон өмнөх засаг захиргаанууд ч ийм тохиолдолд Конгрессоос урьдчилан зөвшөөрөл авдаггүй байсан зэргээс шалтгаалан батлагдах магадлал бага гэж ажиглагчид үзэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Ерөнхийлөгч ийм тохиолдолд заавал тодорхой алхам хийх ёстой гэж шаардсан хууль байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тэрээр “Ерөнхийлөгчийн аль ч засаг захиргаа Дайны эрх мэдлийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцсэн гэж хүлээн зөвшөөрч байгаагүй. Бүгд найрамдахчууд ч, Ардчилсан намын ерөнхийлөгчид ч адилхан” гэж нэмж хэлжээ. Хуулийн төслийг танилцуулсан Виржиниа мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатор Тим Кейн болон Кентукки мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатор Рэнд Пол нар сенаторуудын байр суурийг албан ёсоор бүртгэхийг хүсч байгаагаа мэдэгдсэн байна. Сенатор Т.Кейн “Сенаторууд бид өөрсдийн хүүхдүүдийг энэ улсын хамгийн үнэт баялаг болох хөвгүүд, охидоо сүүлд саяхан дуусгасан бүс нутгийн дайнуудтай адил урт хугацаанд үргэлжилж болзошгүй дайнд илгээхийг хүсэж байна уу, үгүй юу гэдгийг шийдэх санал хураалт хийх гэж байна” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: BBC