Өчигдөр /2026.03.03/ Үндэсний дээд лигийн талбайд "Хаан Шонхорууд" болон "Би Си Эйч Найтс" багуудын хасагдах шатны цувралын хоёр дах тоглолт болсон. Тус тоглолтод "Би Си Эйч Найтс" баг 80:81 харьцаатайгаар ялалт байгуулж цувралыг 2-0 болгон тэргүүлж эхэллээ.
Тэгвэл энэхүү тоглолт дуусаад, багуулын тамирчид хувцас солих өрөө рүү явах хонгилд "Би Си Эйч Найтс" багийн тоглогч Дэвион Уоррен, “Хаан Шонхорууд” багийн тоглогч О.Өсөхбаярын дагз руу цохисон гэх мэдэгдэл гаргасан.
“Хаан Шонхорууд” баг хийсэн тус мэдэгдэлдээ "Плэй-оффын эхний шатны хоёр дахь тоглолтын завсарлага (Halftime) 48-45 харьцаатай Khan Falcons онооны илүү дуусах үед хувцас солих өрөө рүү явах замд BCH Knights багийн тамирчин болох Davion Warren "Khan Falcons" багийн тамирчин залуу тоглогч О.Өсөхбаяр-ийн ар нуруунаас дагз руу санаатайгаар хүчтэй цохиж, бүдүүлэг спортын ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргасан болно. Энэхүү үйл явдал нь тамирчны аюулгүй байдалд халдсан, мөн тоглолтын үр дүнд нөлөөлөх том хүчин зүйл, мэргэжлийн спортын үнэт зүйлийг зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна. Иймд дээрх асуудлыг холбогдох дүрэм, журмын хүрээнд шуурхай нягтлан шалгаж, уг тамирчинд зохих хариуцлага тооцохыг МСБХ-ны удирдлагад Khan Falcons багийн зүгээс албан ёсоор хүсэж байна" гэсэн.
Энэхүү мэдэгдлийн дараа Би Си Эйч Найтс" багийн зүгээс ”Уг нөхцөл байдалд манай тоглогч өөрийгөө хамгаалах зорилгоор түлхсэн. “Khan Falcons” багийн зүгээс гаргасан мэдээлэл дээрх шиг манай багийн тоглогч Дэвион Уоррен нь “Khan Falcons” багийн залуу тоглогч О.Өсөхбаярын ар нуруунаас дагз руу санаатайгаар хүчтэй цохиж аюулгүй байдалд нь халдсан үйл явдал болоогүй. Бодит нөхцөл байдлыг тодорхой нотлох баримтгүйгээр гуйвуулж, тамирчны нэр хүндэд халдаж, олон нийтийг төөрөгдүүлэх буруу ташаа мэдээлэл дамжуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлье" гэжээ.