Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны эсрэг явуулж буй цэргийн цохилтуудын талаар хийсэн мэдэгдэлдээ, Израиль хөндлөнгөөс оролцоогүй бол Тегераны цөмийн хөтөлбөр “хэдхэн сарын дотор халдашгүй түвшинд хүрэх байсан” хэмээн мэдэгджээ.
Тэрээр зургадугаар сар /2025.06/-д 12 хоног үргэлжилсэн дайны үеэр Израиль, АНУ хамтран Ираны гурван цөмийн байгууламжид агаарын цохилт өгсөн ч, үүний дараа Ираны цэргүүд болон техникийн мэргэжилтнүүд шинэ байгууламжууд, тэр дундаа “газар доорх бункерүүд” барьж эхэлсэн гэж мэдэгджээ. Эдгээр байгууламжид баллистик пуужин болон цөмийн зэвсэг боловсруулах боломжтой байсан гэж тэр үзэж байна.
“Хэрэв одоо арга хэмжээ аваагүй бол ирээдүйд ямар ч арга хэмжээ авах боломжгүй болох байсан” хэмээн Б.Нетаньяху Fox News сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Израиль улс Ираны уран баяжуулах үйл ажиллагааг олон жилийн турш эсэргүүцэж ирсэн бөгөөд үүнийг цөмийн зэвсэг бүтээхэд ашиглаж болзошгүй гэж анхааруулдаг. Харин Ираны засгийн газар цөмийн хөтөлбөрөө энхийн, иргэний зориулалттай гэж тайлбарласаар байна.
Эх сурвалж: BBC