Иранд болж буй цэргийн тусгай ажиллагааны улмаас Ормузын хоолой хаагдсан, эсвэл газрын тос, байгалийн хийн дэд бүтэц рүү чиглэсэн довтолгоо үргэлжилбэл Ази, Европын орнууд хамгийн ихээр өртөх эрсдэлтэй гэж салбарын шинжээчид анхааруулсан байна.
Ялангуяа шингэрүүлсэн байгалийн хийний нийлүүлэлт ноцтой асуудал үүсгэж болзошгүй байгаа аж. Катар улс Иранаас ирсэн гэх дроны халдлагын дараа өөрийн нэг байгууламжид байгалийн хийн үйлдвэрлэлийг түр зогсоосноо өмнө нь мэдэгдсэн. MST Financial компанийн ахлах эрчим хүчний шинжээч Саул Кавоникийн хэлснээр, “Катарын байгалийн хийг орлох зүйл байхгүй” гэжээ.
Тэрээр, “Хэрэв зогсолт удаан үргэлжилбэл, эсвэл бүр байгалийн хийн дэд бүтэц гэмтсэн тохиолдолд 2022 онд ОХУ Европ руу хий дамжуулах хоолойн нийлүүлэлтийг зогсоосноос ч илүү том хийийн зах зээлийн цочрол үүсэх магадлалтай” хэмээн анхааруулжээ.
Дэлхийн нийт байгалийн хийн тавны нэг нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг бөгөөд Катар улс экспортынхоо 90 хувийг Оман, Ираны хоорондох энэ нарийн хоолойгоор тээвэрлэдэг байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Азид Хятад, Энэтхэг, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг орнууд хамгийн их өртөх магадлалтай байгаа ажээ.
Эх сурвалж: BBC