ОЙРХИ ДОРНОДЫН ТОЙМ: Д.Трамп Иранд явуулж буй цэргийн ажиллагааг 4-5 долоо хоног үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ

ОЙРХИ ДОРНОДЫН ТОЙМ: Д.Трамп Иранд явуулж буй цэргийн ажиллагааг 4-5 долоо хоног үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ

Даваа гараг /2026.03.02/-ийн өглөө Израиль улс Ливанд байрлах Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн байрлалуудад цохилт өгч эхэллээ. Ингэснээр нэг жилийн турш хадгалагдаж ирсэн гал зогсоох тохиролцоо нуран унаж, бүс нутгийн тогтворгүй байдал улам гүнзгийрэх эрсдэл нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ АНУ болон Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байна.

Израилийн тал Хезболлагийн пуужингийн довтолгоонд хариу өгч байгаагаа мэдэгдсэн бол тус бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээж, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн үхлийн өшөөг авах зорилготой гэж мэдэгдсэн юм. Аятолла Али Хаменеиг Бямба гараг /2026.02.28/-т АНУ-ын тагнуулын мэдээлэлд тулгуурласан Израилийн пуужингийн цохилтоор, АНУ-тай хамтарсан ажиллагааны үеэр амиа алдсан гэж мэдээлж байгаа юм. 

Иранд хийсэн хүчтэй агаарын довтолгоо, бөмбөгдөлтийн хоёр дахь өдөр гэхэд АНУ, Израиль нийлээд 2000 гаруй байг онилсон бол Иран Израиль болон Персийн булангийн орнууд руу хэдэн зуун пуужин, нисгэгчгүй онгоц харважээ.

Кувейт дэх АНУ-ын цэргийн баазад өгсөн цохилтын улмаас гурван америк цэрэг амиа алдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп амь үрэгдсэн цэргүүдэд эмгэнэл илэрхийлээд, “энэ мөргөлдөөн дуусахаас өмнө илүү олон хүн амь насаа алдах магадлалтай” хэмээн мэдэгдээд байна. 

Тэрээр The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа Иранд хийж буй цэргийн ажиллагааг “дөрвөөс таван долоо хоног” үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа хэлсэн ч, цаашид эрх мэдлийг шинэ засаглалд хэрхэн шилжүүлэх талаар тодорхой төлөвлөгөө дурдаагүй байна.

Ням гарагт нийтэлсэн видео мэдэгдэлдээ Д.Трамп Ираны ард түмнийг эрх мэдлийг гартаа авахыг уриалсан боловч тэднийг хэрхэн хамгаалах талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй юм. Өргөн хүрээтэй мөргөлдөөн тодорхой төгсгөлгүй үргэлжлэх вий гэсэн болгоомжлолын дунд Д.Трамп Ираны шинэ удирдлага АНУ-тай хэлэлцээ хийхийг хүсэж магадгүй хэмээн мэдэгдэж, өөрөө ч бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэвч Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд албан тушаалтан Али Ларижани Исламын Бүгд Найрамдах Улс АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж олон нийтэд мэдэгдсэн байна.

Кувейтэд амиа алдсан гурван цэрэг нь Ирантай өрнөж буй дайнд амь үрэгдсэн анхны америкчууд болоод байна. Израилийн төв хэсэгт өгсөн цохилтоор дор хаяж есөн хүн амиа алдаж, энэ нь мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн их хохиролтой халдлага болжээ. Мөн АНУ-ын цэргийн баазууд байрладаг Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Бахрейнд дор хаяж таван хүн, Сирид дөрвөн хүн амиа алдсан талаар албан ёсны мэдээлэлд дурджээ.

Израилийн арми Ираны пуужин харвах байгууламжууд, агаарын довтолгооноос хамгаалах систем, командлалын төвүүд болон засгийн газрын барилгуудыг онилсон гэж мэдэгдсэн. АНУ-ын Төв командлал Ираны баллистик пуужингийн хөтөлбөр болон тэнгисийн цэргийн хүчийг чиглэн цохилт өгсөн бөгөөд “хатуужуулсан” пуужингийн байгууламжуудыг устгаж, Исламын хувьсгалт гвардийн төв байрыг сүйтгэн, дор хаяж нэг байлдааны хөлгийг живүүлсэн гэж мэдээлжээ.

Иранд иргэдэд илгээсэн анхааруулгад зэвсэгт хүчинд эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг уриалж, аюулгүй байдлыг алдагдуулсан аливаа үйлдэлд Хувьсгалт гвард “хатуу хариу арга хэмжээ” авна гэж мэдэгдсэн байна.

Нэмэлт мэдээлэл:

  • Газрын тос тээвэрлэгч шатжээ: Оманы эрэг орчимд “Skylight” нэртэй газрын тос тээвэрлэгч шатаж буйг баталгаажуулсан дүрс бичлэгүүд гарсан. Энэ нь Персийн буланд халдлагад өртсөн гэж мэдээлэгдсэн гурван хөлгийн нэг бөгөөд Ираны Хувьсгалт гвард АНУ, Их Британийн хөлгүүдийг онилсон гэж мэдэгджээ.

  • Сургуулийн эмгэнэлт хэрэг: Ираны өмнөд хэсгийн Шажара Тайебех охидын сургуульд болсон цохилтын улмаас амиа алдсан хүний тоо 115 хүрсэн гэж төрийн хэвлэлүүд мэдээлсэн. Энэ нь Америк, Израилийн бөмбөгдөлтийн үеийн хамгийн олон нийтийн хохиролтой үйл явдлуудын нэг болж байна.

  • Америкийн хохирол: Амь үрэгдсэн гурван цэргээс гадна хэд хэдэн цэрэг хэлтэрхийн хөнгөн гэмтэл, тархи доргилт авсан ч албандаа эргэн орохоор эмчилгээ хийлгэж байгаа гэж АНУ-ын Төв командлал мэдээлэв.

  • Ираны залгамж халаа: Дээд удирдагчийн залгамжлагчийг тодруулах хүртэл түр хороо улсыг удирдана гэж Али Ларижани мэдэгдсэн. Шинэ дээд удирдагчийг Шинжээчдийн Ассамблей сонгоно.

  • Тээврийн саатал: Мөргөлдөөний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэгийг дамжуулдаг Ормузын хоолойгоор тээвэрлэлт зогсоход хүрсэн байна. "Маерск" компани Улаан тэнгисээр дамжин өнгөрөх зарим тээвэрлэлтийг түр зогсоосноо мэдэгджээ.

Бүс нутгийн байдал ийнхүү хурц хэвээр байгаа бөгөөд цэргийн ажиллагаа, эдийн засгийн нөлөөлөл, улс төрийн тодорхойгүй байдал зэрэг олон хүчин зүйлс дэлхийн анхаарлын төвд байна.

Эх сурвалж: The New York Times