Өнөөдөр /2026.03.02/ “Милан Кортина-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо.
Итали улсын Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд 50 орны 665 тамирчин өрсөлдөх бол Монгол улсаас цанын төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцох юм. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг өрсөлдөнө.
Ёслолын эхэнд ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ “Та бүхэн спортын талбарт хүч чадал, арга ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөс гадна ялан дийлж, тэсвэр хатуужилтай байж, итгэл найдварыг хүлээн, хүний хязгааргүй боломжийг харуулж байгаа энх цагийн баатарууд, Монгол түмний бахархалууд юм. Энэхүү наадамдаа амжилттай сайн оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн мандуулахыг хүсэн ерөөе” хэмээн тодотгов.
Монголын баг тамирчдыг төлөөлж Бямбадоржийн Цэрэнпунцаг, Батмөнхийн Ганболд нар тангараг өргөсөн бол УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам Монгол Улсын төрийн далбааг “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугч пара гүйлтийн цанын тамирчин Цэгмэдийн Дашдоржид гардуулав.
Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцох Монгол цаначин болж буй бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр 20 жилийн өмнөх “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байжээ.