Милан–Кортина 2026 өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6–15-нд Италид болно.
Энэ удаагийн наадам нь Өвлийн Паралимпын 50 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд Итали улс Паралимпын наадмыг 20 жилийн дараа дахин зохион байгуулж байна. Тус улс өмнө нь Торино 2006 өвлийн паралимпыг хүлээн авч байсан билээ. Анхны Өвлийн Паралимпын наадам 1976 онд Өрншёлдсвик хотод зохион байгуулагдаж, 16 улсын 198 тамирчин ердөө хоёр төрөлд өрсөлдөж байсан түүхтэй. Харин энэ удаад 50 орчим Үндэсний Паралимпын хорооны 665 хүртэлх тамирчин оролцохоор төлөвлөгдөж байна. Энэ нь Бээжин 2022 өвлийн паралимпоос 20 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт 79 багц медаль олгоно. Мөн тэргэнцэртэй кёрлингийн холимог хосын төрөл анх удаа Паралимпын хөтөлбөрт багтаж, кёрлингийн тэмцээн гуравдугаар сарын 4-нд эхлэх юм.
Паралимпын наадмын нээлтийн ёслол Италийн Верона хот дахь МЭ 30 онд баригдсан түүхэн амфитеатр болох Арена ди Веронад зохион байгуулагдана. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү байгууламж нь олимпын хаалтын ёслолыг мөн хүлээн авч байв. “Милан–Кортина 2026” наадамд пара уулын цана, пара биатлон, пара гүйлтийн цана, пара мөсөн хоккей, пара сноуборд, тэргэнцэртэй кёрлинг гэсэн зургаан спортын төрөл багтаж байна. Тэмцээнүүд Милан, Кортина д’Ампеццо болон Вал ди Фьемме (Тесеро) гэсэн гурван бүсэд зохион байгуулагдах бөгөөд Италийн Альпийн нурууны үзэсгэлэнт байгаль, цас мөсөн талбайд дэлхийн шилдэг тамирчид өөрсдийн хязгаарыг даван өрсөлдөх юм.