Д.Трамп Иранд хийсэн АНУ-ын цохилтыг сайшааж, Ираны армийг бууж өгөхийг анхаарууллаа

Д.Трамп Иранд хийсэн АНУ-ын цохилтыг сайшааж, Ираны армийг бууж өгөхийг анхаарууллаа

АНУ болон Израиль өнгөрсөн амралтын өдрүүдэд Иранд цохилт өгсний дараа дэлхийн зах зээлд огцом савлагаа үүсч, газрын тосны үнэ эхний арилжаагаар хүчтэй өссөн байна. Тодруулбал, ням гарагийн орой арилжаа эхлэхэд түүх нефтийн нэг баррель тутамд 12 хувиас дээш өсөж, нэг баррель нь 82 орчим ам.долларт хүрчээ. Харин Баасан гараг /2026.02.27/-т 73 ам.доллар орчимд хаагдсан байж. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн "Truth Social" платформ дээрээ нийтэлсэн зургаан минутын видео мэдэгдэлдээ Ираны эсрэг хийж буй АНУ, Израилийн хамтарсан ажиллагааг сайшаан үнэлсэн байна.

Тэрээр, “сүүлийн 46 цагийн хугацаанд АНУ болон түншүүд дэлхийн түүхэн дэх хамгийн том, хамгийн нарийн зохион байгуулалттай, хамгийн их хүч дайчилсан цэргийн довтолгоонуудын нэг болох "Epic Fury" ажиллагааг эхлүүллээ хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, уг ажиллагаа олон зуун байг онож, Ираны тэнгисийн цэргийн хүчний тодорхой хэсгийг устгасан бөгөөд "цэргийн удирдлагын бүтэц үндсэндээ байхгүй болсон" гэжээ. Мөн Ираны цэргийн зарим хүчин бууж өгөх хүсэлтэй байгаа тухай дурдсан байна. Д.Трамп зэвсгээ хураасан Хувьсгалт гвардийн гишүүдэд "бүрэн дархлаа" олгоно, харин эсэргүүцсэн тохиолдолд "тодорхой үхэл" хүлээнэ гэж анхааруулжээ. Тэрээр АНУ-ын цэргүүд дахин амь насаа алдах эрсдэл байгааг хүлээн зөвшөөрсөн ч "зорилгодоо хүрэх хүртэл ажиллагаа үргэлжилнэ" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын албаныхан Иранаас хариу пуужингийн цохилт болон амиа золиослох халдлага гарч болзошгүй гэж үзэн гадаад дахь Америкийн байгууламж, ажилтнуудын аюулгүй байдлыг чангатгасан байна.

Мягмар гараг /2026.03.03/-т Ираны асуудлаар Конгрессын “Наймын бүлэглэл” болон холбогдох хороодын дээд албан тушаалтнуудад нууц мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо сүүлийн өдрүүдэд Ираны цохилтоос үүдэн дотоодод идэвхжиж болзошгүй этгээдүүдийг анхааралтай хянах үүрэг өгсөн байна. Өчигдөр /2026.03.01/ АНУ-ын Техас мужийн Остин хотод болсон буудлагын хэргийг Ираны үйл явдалтай холбоотой эсэхийг шалгаж байгаа ч албаныхан одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгджээ.

Тэгвэл Иракийн Курдын бүс нутаг дахь Америкийн "Эрбил" агаарын баазын ойролцоо гал, утаа ажиглагдсан талаар мэдээлжээ. Уг баазад АНУ-ын цэргүүд байрладаг байна. 

Иймээс Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл Ираны холбооны орнуудад хийсэн "илэрхий бөгөөд үндэслэлгүй дайралт"-ыг буруушааж, гишүүн орнууд аюулгүй байдал, тогтвортой байдлаа хамгаалахын тулд "шаардлагатай бүх арга хэмжээг авах" эрхтэйг онцолсон байна.

Мөн Ираны пуужингийн довтолгооны дараа Израилийн төвийн бүсэд пуужингийн хэлтэрхийн улмаас гэмтэл гарсан тухай мэдээлжээ. Мөн Ираны тал Иерусалимын нэгэн хороололд пуужин харвасны улмаас зургаан хүн шархадсан байна. Одоогоор бүс нутгийн нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд дэлхийн нефтийн зах зээл болон аюулгүй байдлын орчинд тодорхойгүй байдал үргэлжилж байна.