Билл Клинтон халуун усны газрын зураг болон Ж.Эпштейний хэргийн талаар “юу ч мэдэхгүй” гэж мэдүүлжээ

Билл Клинтон халуун усны газрын зураг болон Ж.Эпштейний хэргийн талаар “юу ч мэдэхгүй” гэж мэдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Конгрессын хорооны хаалттай сонсголын үеэр бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейний гэмт хэргийн талаар “юу ч мэдэхгүй”, “ямар нэгэн буруу зүйл хийгээгүй” хэмээн мэдүүлжээ.

Тодруулбал, өчигдөр /2026.02.27/ Нью-Йорк хотод бүтэн өдөр үргэлжилсэн хаалттай сонсголын үеэр Билл Клинтоноос шинээр ил болсон баримт бичгүүдийн талаар, тэр дундаа халуун усны газарт танихгүй эмэгтэйтэй хамт байгаа зурагт гарсан эсэхийг нь асуусан байна. Б.Клинтон уг эмэгтэйг танихгүй, түүнтэй бэлгийн харилцаанд орсон эсэх талаар мэдэхгүй гэсэн талаар эх сурвалж BBC агентлагт мэдээлжээ.

Түүний мэдүүлэг нь эхнэр Хиллари Клинтон Конгрессын хороонд мөн Ж.Эпштейний гэмт хэргийн талаар “ямар ч мэдээлэлгүй” гэж мэдэгдсэнээс нэг хоногийн дараа болсон юм. Файлуудад нэр нь дурдагдсан нь гэм буруугийн нотолгоо биш бөгөөд Б.Клинтоныг Ж.Эпштейний хохирогчид буруутгаж байгаагүй юм.

Б.Клинтон “Хэрэв түүний юу хийж байгааг мэдсэн бол би түүнээс даруй холбоогоо тасалж, онгоцоор нь хэзээ ч нисэхгүй байх байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Б.Клинтон болон түүний эхнэр Конгрессын дуудах хуудасыг улс төрийн зорилготой гэж үзэж байсан ч үл тоомсорлохоос зайлсхийж, Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороонд мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн байдаг. Харин Хиллари Клинтоноос ялгаатай нь Билл Клинтон сонсголын дараа сэтгүүлчидтэй уулзаагүй байна.

Конгрессын хорооны Бүгд Найрамдах намын дарга Жеймс Комер олон цаг үргэлжилсэн ярилцлагыг “маш үр бүтээлтэй” хэмээн үнэлж, Б.Клинтон бүх асуултад хариулсан эсвэл хариулахыг оролдсон гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, мэдүүлгийн бичлэг болон бүрэн эхийг ойрын өдрүүдэд олон нийтэд ил болгох гэнэ. Ж.Комер уг мэдүүлгийг “түүхэн” хэмээн тодорхойлж, Б.Клинтоныг Конгрессын хороонд мэдүүлэг өгсөн долоо дахь ерөнхийлөгч болсон гэдгийг онцолсон байна. 

Сонсголын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Ж.Эпштейнтэй холбоо харилцаатай байсан гэж мөн яригдсан байна. Иймээс төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд Б.Клинтоны мэдүүлгээс Д.Трампын талаар “нэмэлт мэдээлэл” гарсан гэж үзэж, одоогийн ерөнхийлөгчийг мөн хороонд мэдүүлэг өгөхийг дахин шаарджээ.

Харин Д.Трамп өчигдөр /2026.02.27/ сэтгүүлчдэд хандан Б.Клинтоны мэдүүлгийн талаар “Түүнийг ийм байдалд орж байгааг харах надад таалагдахгүй байна” хэмээн хэлсэн байна.

Б.Клинтон өөрийн мэдүүлэгтээ Ж.Эпштейний гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй, түүнтэй холбоогоо 20 жилийн өмнө тасалсан гэж дурдсан. Тэрээр 2001 онд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусны дараа буяны ажлын хүрээнд Ж.Эпштейнтэй харилцсан бөгөөд 2019 онд Нью-Йоркийн шоронд бэлгийн наймааны хэргээр шүүх хурал хүлээж байхдаа нас барсан санхүүжүүлэгчтэй холбоотой байсандаа харамсаж байгаагаа илэрхийлжээ. Ж.Эпштейний хэрэгтэй холбоотой шүүхийн сая сая хуудас баримт бичигт Б.Клинтоны нэр олон удаа дурдагдсан боловч энэ нь өөрөө гэм буруугийн нотолгоо биш гэж буй юм. Шинээр ил болсон файлууд нь Ж.Эпштейн олон нэр хүндтэй хүмүүстэй хэр өргөн хүрээтэй харилцаатай байсныг, тэр дундаа 2008 онд анх бэлгийн гэмт хэрэгт буруутгагдсаны дараа ч холбоо үргэлжилж байсныг харуулж байгаа юм. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө