Дорнод аймгийн Халхгол сумын “Буйр” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан зургаан зорчигчтой “Toyota Prius-30” загварын автомашин мөс цөмөрсний улмаас живжээ. Тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эсэн мэнд гарч, 4 хүн живсэн тухай дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 13:18 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шуурхай очиж, эргээс 300 метрийн зайд цооног гарган, дроноор тандалт хийж байршлыг тогтоожээ. Улмаар 6 метрийн гүнээс автомашиныг татан гаргаж, нэрвэгдэгчдийн цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар (2026.02.26) гол, нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлага бүртгэгдэж, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 4 иргэний амь насыг аварч, 5 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр зарим гол, нуурын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул цаг хэмнэх, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.