Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Өнөөдөр Төв, Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Мөн өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи энэ сарын 20, 21-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Өдөртөө 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.