Шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарт хөөн хэлэлцэх хугацааг ялгаатай байдлаар хэрэглэсэн гэж Давж заалдах шатны шүүх үзсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тус хэргийг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ган-Очир болон прокурорын бичсэн эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн итгэмжилсэн төлөөлөгч Б.Чулуунбямба нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2026 оны ходугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.
Д.Батбаяр нарын 4 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “залилах гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэмт хэрэгт холбогдсон юм. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.