МБШТ-Гандантэгчэнлин хийдээс “Гандан”, “Гандантэгчэнлин” нэрийг зөвшөөрөлгүй ашиглаж, иргэдийг төөрөгдүүлэн бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээ эрхлэх тохиолдол гарч буй талаар албан мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд, "МБШТ-Гандантэгчэнлин хийд нь “Гандан”, “Гандантэгчэнлин” нэрийн хууль ёсны эзэмшигч бөгөөд уг нэр Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хамгаалагдсан болно. Зарим иргэн, аж ахуйн нэгжүүд “Гандан” нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх байдлаар бараа бүтээгдэхүүн борлуулах, ашиг олох, үйлчилгээ эрхлэх тохиолдол гарч байгааг анхааруулж байна. Гандантэгчэнлин хийдтэй албан ёсны хамааралгүй дэлгүүр, үйлчилгээний газрууд “Гандан” нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх зар сурталчилгаа ашиглаж, хуулиар хамгаалагдсан өмчийн эрхэд халдаж байгаа тул энэхүү үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдэж байна. Хэрэв холбогдох арга хэмжээ авч зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ" гэлээ.