Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буянзаяа, Б.Билгүүн нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
”Петрочайна Дачин Тамсаг” ХХК Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”, 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.