Иргэн Г.Хүрэлсүхэд орон сууц, 20 мкв үйлчилгээний талбай, 2 гражийг санал болгосон ч, нүүхгүй байгаа тул бусдын захиалгаар гацааж байна гэж хардах болжээ

Иргэн Г.Хүрэлсүхэд орон сууц, 20 мкв үйлчилгээний талбай, 2 гражийг санал болгосон ч, нүүхгүй байгаа тул бусдын захиалгаар гацааж байна гэж хардах болжээ

Улаанбаатарт хотыг төвөөс 800 метрийн зайд орших Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлээс гаргаж, 2025 оны 8 дугаар сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан. Улмаар өнгөрөгч есдүгээр сараас эхлэн тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тус байранд амьдарч байсан 57 айлын 56 нь дахин төлөвлөлтийг зөвшөөрч нүүсэн бол ганц л айл эсэргүүцэж үлдсэн нь олон нийтийн анхаарлыг татсан сэдэв болоод байна. 

26 дугаар байрны үлдэгдэл

Тиймээс, дахин төлөвлөлтийг эсэргүүцэж, нүүхгүй үлдсэн иргэн Г.Хүрэлсүхийн байрыг үлдээж бусдыг нь нураагаад байна. Энэ төрх нь дайнд бөмбөгдүүлсэн Украины байшингуудыг санагдуулах бөгөөд нурсан балгас шиг булангийн нэг блок хотын төвд харагдах нь үзэмжийн хувьд хэцүү гэж тодорхойлж болно. Хөрш 56 айл нь хуучин байраа нураалгаж, шинэ байранд орохыг, хүлээн зөвшөөрөөд нүүсэн байхад иргэн Г.Хүрэлсүх яагаад ганцаараа эсэргүүцсэн бэ гэдэг нь анхаарал татдаг. Тэрбээр нүүлгүй үлдсэнээс гадна шүүхэд хандаж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг гацаасан гэдэг.

ВИДЕО:

 

-Г.ХҮРЭЛСҮХ: САНХҮҮГИЙН ЧАДАМЖГҮЙ КОМПАНИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА -

Энэ шалтгаанаа иргэн Г.Хүрэлсүх тайлбарлахдаа " Би дахин төлөвлөлтийг эсэргүүцээгүй. Энд төсөл хэрэгжүүлэх барилгын компанийг дэс дарааллын дагуу ажлаа хийгээсэй гэж хүссэн юм. Хэн нэгний ашиг сонирхол шингэсэн компаниудыг оруулж ирж иргэдийг битгий хохироогооч. Манайхаас 200-300 метрийн зайд байх Сүхбаатар дүүргийн 22 дугаар байрыг нураагаад таван жил болж байна.

Миний зүгээс энэ барилгын компаниас юу ч хүсээгүй. Хэдэн төгрөг өгье, би ийм юм авъя гэж хэлээгүй. Зүгээр л санхүүгийн баталгаа шаардсан. Гэтэл ямар ч тамга тэмдэггүй хүснэгт л байсан.

Дансандаа мөнгөгүй, санхүүгийн баталгаагүй компани байгаа. Хууль бус дахин төлөвлөлтөөр хохирсон олон иргэн бий. Тэдний араас ормоогүй байна. Тендер шалгаруулалгүй, гэнэт нэг компанийг шууд оруулж ирсэн. Манай байрны иргэд энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад айлын гэрийг нурааж болдог юм уу. Санхүүгийн чадамжгүй гэдгийг манай байрны иргэд ч мэдэж байгаа. Мэдээд бид шүүхэд гомдол гаргасан юм. Гэтэл барилгын компанийн сүрдүүлэг, дарамтаар 20 гаруйгаас илүү айл нь нүүлээ. Энд дөрвөн айл үлдсэн. Манайхаас бусад гурван айлд нь гэрээгээ хийсэн ч нотариатаар орж баталгаажуулаагүй байгаа.

26 дугаар байрны үлдэгдэл

Гэтэл ганцхан манайхыг үлдсэн хэмээн харлуулж байна. Надад бас дарамт үзүүлж байна. Байшин барилгыг маань нураахаас илүү дарамт гэж юу байхав. Бас нэг олон нийтийн дунд яваад байгаа ташаа мэдээлэл нь Улаанбаатар орон сууцжуулалтын захирал нь “Энэ барилгыг долоон сар гацаалаа” гэж хэлсэн. Бид нарт  өнгөрсөн жилийн наймдугаар сарын 4-нд мэдэгдсэн. Найман сард л цонх, шал, паар хуулаад л эхэлсэн. Хүмүүст сонголт хийж, эргэцүүлэх боломж олгохгүйгээр шууд халдаж орон байрыг нь нураах нь ямар эрх мэдэлтэй хүний хийдэг ажил болохыг ойлгохгүй байна" гэсэн байр суурийг хамгийн сүүлийн байдлаар илэрхийлээд байна.  

-З.ТӨМӨРТӨӨМӨӨ: ГАНЦААРАА ТАС ГҮРИЙГЭЭД БАЙГАА ИРГЭНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ӨГӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ-

Харин уг төслийг хариуцан хэрэгжүүлж буй “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирал З.Төмөртөөмөө "Энэ барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон. 57 айл өрхтэй. 56 айл нь нүүсэн. Ганцхан хүн л зөвшөөрөөгүй. Энэ нэг хүнээс болоод уг төсөл 7 сарын турш гацаад байна. Бусад 56 айлын түрээсийн төлбөрийг барилгын компани төлөөд явж байгаа. Энэ мэтээс эхлээд эдийн засгийн алдагдалд ороод байна. Тас гүрийсэн нэг иргэн хэвлэл мэдээллээр миний болон барилгын компанийн талаар худал мэдээлэл түгээж байгаа. Гэтэл бусад 56 иргэн манай компани дээр ирж тогтмол гомдол өгч байна. Яаралтай барилгын ажлыг эхлүүлж шинэ байрандаа ормоор байна гэж тэд хэлж байна. Хууль хяналтын байгууллагад шалгуулахаас өөр аргагүй болж байна. Нийтийн эрх ашгийг дагахаас өөрцгүй" гэсэн юм. 

-БАРИЛГЫН КОМПАНИАС ОРОН СУУЦ, 20 МКВ ТАЛБАЙ, ХОЁР ГРАЖ ЗЭРГИЙГ САНАЛ БОЛГОЖЭЭ-

Тэгвэл иргэн Г.Хүрэлсүх төсөл хэрэгжүүлэгч барилгын компанитай ямар наймаа хийхээр анх ярьж байсан, одоо яагаад ганцаараа гүрийв. "Азийн идэр цамхаг" компани түүнд дахин төлөвлөлтөөр баригдах барилгад хамгийн том мкв-тай байр, 20 мкв үйлчилгээний талбай, хоёр гражийг санал болгожээ. Хотын төвийн байршилд гэж тооцоход мөнгөн дүнгээр тэрбум гаруй төгрөг болох боломжтой. 

Гэтэл Г.Хүрэлсүх уг саналыг хүлээж авалгүйгээр эсэргүүцсэн анхаарал татна. Үнэхээр өөрийнх нь хэлсэн шиг тэрбээр "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК, "Азийн идэр цамхаг" ХХК-иас ямар нэгэн эд материал, мөнгө нэхэхгүй байгаа нь үнэн аж. Харин түүнийг уг барилгын хажууд "Z64" төслийг хэрэгжүүлэгч Проперти Менежмент" компанийн захиалгаар уг төслийг гацааж байх магадлалтай гэх хардлага байгаа аж. 

"Проперти Менежмент" ХХК нь Засгийн газрын ордны зүүн хойд талд дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц, оффис, үйлчилгээний зориулалттай "Z64" төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлж буй компанийг АН-ын гэгддэг залуу удирддаг гэх мэдээлэл ч байна. Яг үүнтэй залгаад Сүхбаатар дүүргийн 26 дугаар байр байгаа юм. Ямартай ч талуудын маргааныг шүүхээр хэрхэн шийдвэрлэж, уг төсөл хэрхэх нь анхаарал татаж байна. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө