СУРВАЛЖИЛГА: Өвөл, хаврын уралдааныг хориглосноос болж уяачид Өвөрмонголд очиж, морь уях болжээ

СУРВАЛЖИЛГА: Өвөл, хаврын уралдааныг хориглосноос болж уяачид Өвөрмонголд очиж, морь уях болжээ

Өвөл болон хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдээр морин уралдаан болон үсэргээ, сунгаа, морины ажил хийлгэхийг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн 41-р тогтоолоор хориглосон байдаг. Уяачдын хувьд энэхүү тогтоолыг эсэргүүцэн өвөл, хаврын морин уралдааныг сэргээхээр жагсаал, цуглаан зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Нөгөөтээгүүр, Засгийн газрын дээрх тогтоол нь монгол ёс уламжлал, өв соёлыг эсрэг шийдвэр гэдгийг хэлэх хүн олон байдаг. Тэгвэл бид уг асуудлаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО:

-МОРИНЫ НИЙТ БИЕИЙН ЖИНГИЙН 10 ХУВЬД ТААРУУЛЖ УНААЧИЙГ СОНГОДОГ-

Морь уралдахыг хараад огшиж, омогшдоггүй монгол хүн гэж үгүй. Олон зууны өмнөөс монголчууд морийг уналга, ачилга, дайн тулаанд ашиглахаас гадна уяж, сойн уралдуулж үндэсний спорт болгон хөгжүүлсэн ард түмэн. Монгол морин уралдаан нь холын зайнд морины тэсвэр, тэвчээрийг сорьж уралддаг онцлог шинжтэй учир уяачид хөнгөн жинтэй бага насны хүүхдээр морио унуулдаг. 

Харин анх Монгол Улсад өвлийн морин уралдааныг Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батласан. Уг тогтоолоор жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.

-МОНГОЛ УЯАЧИД ӨВЛИЙН УЛИРАЛД ӨВӨРМОНГОЛД ОЧИЖ МОРЬ УЯХ БОЛЖЭЭ- 

Гэтэл өнгөрсөн жил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 41 дүгээр тогтоолоор өвөл, хаврын морин уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулж, сунгаа, үсэргээ хийхийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор уяач болон унаач хүүхдүүд Өвөрмонгол явж, морио уяж, уралдуулах болсон байна. Харин уяачид болон зарим иргэд "Монголчууд эх орондоо хурдан морио уяж, уралдуулах боломжгүй болж байгаа нь Монгол өв соёлоо алдаж байгаа хэрэг" хэмээн санаа зовних болжээ.

Энэ талаар уяачид “Өнөөгийн морин уралдаан өмнөх үетэй харьцуулахад өндөр түвшинд очсон учраас байнгын уяа, сойлго шаарддаг болсон. Дөрвөн улирлын турш уяхгүй л бол амжилт гаргах ямар ч боломж байхгүй. Гэтэл Засгийн газраас өвлийн уралдааныг хорьсноор хүүхдээр морь унуулаад морины ажил ч хийж болохгүй болсон. Мэдээж хүүхдийн эрх ярих нь зөв. Гэхдээ юм хөгжсөн үед бид унаач хүүхдүүдээ хангалтай хамгаалах хувцас хэрэглэл, дааруулахгүй байх бүх зузаан хувцасаар нь хангадаг болсон. Манай хүүхэд ч гэсэн морь унаад, морины ажил хийгээд л явж байна. Би ч мөн адил бага насандаа өвөл хурдан морь унадаг байсан. Энэ хоригоос болоод миний мэдэх олон сайн уяачид Өвөрмонгол руу явж морио уяад, уралдуулдаг болсон. Монголд өвөл уралдуулахгүй байгаа болохоор энэнээс өөр аргагүй л юм даа. Монголын өв соёл ийнхүү уусан үгүй болж байгаад ихэд санаа зовж байна. Монгол Улсын Засгийн газар энэ шийдвэрийг эргэж харж өвлийн морин уралдааныг сэргээж найдаж байна” гэлээ.   

Харин унаач хүүхдүүдийн хувьд  “Морь унаад дөрвөн жил болохдоо улс, бүсийн наадмаас олон айраг түрүү авч байсан. Өглөө хичээл маань ордог учраас өдөр хичээлээ тараад мориныхоо ажлыг хийдэг. Би өөрөө хурдан морь унах дуртай болохоор аав, ээж маань намайг хориглодоггүй. Уяач ах маань маш олон дулаан хувцас авч өгсөн болохоор өвөл морь унахаар даардаггүй, харин ч уралдахаар халууцаад байдаг. Хэрвээ хавар өвлийн морин уралдааныг хориглоогүй байсан бол цагааан сарын уралдаануудад оролцоод надад гоё байх байсан” гэдгийг тодотгож байсан юм. 

Мөн уяачид өөрийн хөдлөх хөрөнгө болсон, үнэтэй худалдаж авсан хурдан хүлгүүдээ ямар нэгэн бэртэл гэмтэл авахуулахгүй байхын тулд хурдан хүлгүүдээ бага насны хүүхдээр унуулж морины ажил хийлгэн уяа сойлгыг нь тааруулахгүй бол том хүн унаж, морины ажил хийнэ, уралдана гэдэг нь боломжгүй зүйл гэдгийг хэлж байлаа. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө