АНУ-ын мэдээний хөтлөгч Саванна Гутри хулгайлагдсан байж болзошгүй 84 настай ээж Нэнси Гутригээ эсэн мэнд байгааг нотлох баримт өгөхийг хүсэж, олон нийтэд хандан нулимс дуслуулсан ярьжээ.
NBC телевизийн "Today" нэвтрүүлгийн хөтлөгч Саванна Гутри ах, эгч нарынхаа хамт Инстаграмд байршуулсан бичлэгтээ "Бид танаас сонсохыг хүсэж байна. Бид ярилцахад бэлэн байна. Бидэнтэй холбогдоно уу" хэмээн уриалсан байна.
ВИДЕО:
Учир нь түүний ээж Нэнси Гутри өнгөрсөн амралтын өдрүүдэд Аризона муж дахь гэрээсээ шөнө дунд алга болсон бөгөөд эрх баригчид түүнийг барьцаалагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тодруулбал, Мөрдөн байцаагчид Холбооны мөрдөх товчоотой хамтран барьцаалсан байж болзошгүй эд мөрийн баримтыг шалгаж байгаа аж.
Иймээс сэтгүүлч Саванна Гутри, "Бид дуу хоолой, дүрсийг амархан өөрчилдөг ертөнцөд амьдарч байна" гээд "Тиймээс миний ээж таны хяналтад байгааг эргэлзээгүйгээр мэдэх хэрэгтэй байна" гэж онцолжээ.
Видео бичлэгийнхээ үеэр Саванна Гутри хоолой нь тасалдан, "Ээж ээ, хэрэв та сонсож байгаа бол та хүчтэй эмэгтэй. Хүн бүр таныг хайж байна. Бид таныг олтлоо зогсохгүй" хэмээн хэлжээ. Харин АНУ-ын эрх баригчид Нэнси Гутри эмгүйгээр удаан байвал эрүүл мэнд нь ноцтойгоор муудаж болзошгүйг анхааруулсан байна. Саванна Гутри "Манай ээжийн эрүүл мэнд эмзэг. Түүнд амьд үлдэх, зовохгүй байхын тулд зайлшгүй эм хэрэгтэй" хэмээн мэдэгджээ.
Харин видео бичлэг нийтлэгдсэний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн Truth Social цахим хуудастаа тус хэргийн талаар байр сууриа илэрхийлж, мөрдөн шалгах ажиллагаанд холбооны бүх хууль сахиулах байгууллагыг бүрэн дайчлах үүрэг өгснөө мэдэгджээ. Тэрээр "Ээжийг нь аюулгүй гэрт нь авчрахын төлөө бид бүх боломжит арга хэмжээг авна" гэж бичжээ.
Пима гүнлигийн шериф Крис Наносын мэдээлснээр, "Нэнси Гутриг хамгийн сүүлд Бямба гараг /2026.01.31/-ийн орой Тусоноос зүүн хойд зүгт орших Каталина Футхиллс дэх гэрт нь 21:30 цагийн орчимд хүргэж өгсөн бөгөөд маргааш нь сүмийн цугларлалтад ирээгүй нь алга болсныг анзаарах шалтгаан болсон байна. Ингээд түүнийг гэрийг нь нэгжихэд "маш их санаа зовоосон" нөхцөл байдал илэрсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC