Х.Хатанбаатар: Америк тулаанч Н.Жефферсоныг нутгийнх нь дэвжээн дээр ялж, “CK Fighting” холбооны 70 кг жингийн аваргын бүсний эзэн болсон

Х.Хатанбаатар: Америк тулаанч Н.Жефферсоныг нутгийнх нь дэвжээн дээр ялж, “CK Fighting” холбооны 70 кг жингийн аваргын бүсний эзэн болсон

Алдарт UFC холбоо АНУ-д байгуулагдсан цагаас эхлэн холимог тулааны спорт дэлхий нийтэд танигдаж эхэлсэн. Өдгөө тус спортын хөгжлийг АНУ, Бразил, Орос, Япон, Солонгос зэрэг улс тодорхойлж байна. Харин манай улсад холимог тулааны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй.

Тухайлбал, өнгөрсөн онд холимог тулаанч Б.Энх-Оргил Азийн холимог тулааны хамгийн том холбоо гэгддэг ONE Championship-ийн бантам жингийн аварга болсон билээ. Тэгвэл АНУ-ын “CK Fighting” холбооны 70 кг жингийн анхны аваргын бүсний эзэн болж, эх орондоо ирээд буй мэргэжлийн холимог тулаанч, олон улсын хэмжээний мастер Х.Хатанбаатартай цөөн хором ярилцлаа.

ВИДЕО:

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Х.Хатанбаатар гэдэг. Би мэргэжлийн холимог тулаанч тамирчин. АНУ-ын Индиана мужийн “CK Fighting” холбооноос зохион байгуулсан тэмцээнд оролцож, 70 кг жингийн анхны аварга болоод ирлээ. Тус тэмцээн энэ сарын 24-нд болж өнгөрсөн бөгөөд аварга болсондоо маш их баяртай байна.

– “CK Fighting” холбооны талаар мэдээлэл өгөхгүй юу?
– “CK Fighting” холбоо нь АНУ-ын Индиана мужид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр удаагийн тэмцээн зохион байгуулсан. Холбооны хоёр дахь тэмцээнд АНУ-ын тамирчин Кори Дюлэнитэй тулалдаж ялалт байгуулснаар аваргын бүсний төлөө тулалдах эрхээ авсан. Харин энэ удаад АНУ-ын тамирчин Нико Жефферсоныг эхний үед боох мэхээр ялсан.

– Энэ аваргын бүс таны хувьд хэр үнэ цэнтэй вэ?
– Энэ бүс бол миний сүүлийн 5–6 жилийн хөдөлмөрийн үр дүн. Би спортоор хичээллээд 19 жил болж байна. Харин холимог тулаанаар хичээллэсэн хугацаа 5–6 жил. Анх жүдо бөхөөр хичээллэж, төрсөн ахаараа бэлтгэл хийж эхэлсэн. Харин холимог тулааны спортод МУГТ, дасгалжуулагч Ж.Нарантунгалаг багшийн удирдлагад орж байлаа.

– Эх орондоо ирээд шууд бэлтгэлдээ орсон байна. Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?
– Бидэнд амрах эрх байхгүй. Дараагийн тулаан хэзээ ч гарч ирж магадгүй учраас үргэлж бэлэн байх ёстой. Би өглөө, орой тус бүр нэг цаг бэлтгэл хийдэг. Долоо хоногт зургаан өдөр бэлтгэл хийдэг.

– Зарим холбоо тамирчдаа өөр холбоонд тулалдахыг хязгаарладаг. Танай холбооны хувьд ямар байдаг вэ?
– Холбооноос шалтгаална. Тухайлбал, Б.Энх-Оргил тамирчин холбоотойгоо гэрээтэй байдаг бөгөөд жилд, сард хэдэн удаа тулалдах нь тодорхой. Мөн өөр холбооны тэмцээнд оролцох боломжгүй. Харин миний ялалт байгуулсан холбоо харьцангуй жижиг тул ийм хязгаарлалт байхгүй. Тулаан бүр дээр тус тусад нь гэрээ байгуулж явдаг.

– Манай улсад холимог тулааны спортын хөгжил ямар түвшинд байна гэж дүгнэдэг вэ?
– Энэ спорт Монгол Улсад аажмаар хөгжиж, танигдаж байна. Иргэдийн ойлголт ч сайжирчээ. UFC-д тулалддаг 2–3 тамирчинтай болсон нь том амжилт. Холимог тулаанаар хичээллэдэг хүн цөөн ч гаргаж буй амжилт нь өндөр. Гэхдээ тамирчид маань ихэнхдээ өөрсдийн сонирхол, зүтгэлээр явж байна. Бодит дэмжлэг одоогоор хомс хэвээр.

– Таны цаашдын зорилго юу вэ? Тулалдахыг хүсэж буй холбоо бий юу?
– Тулалдсан тэмцээн, холбоо бүрийнхээ аварга нь болохыг хүсдэг. Ард минь дэмждэг хамт олон, гэр бүл минь бий. Намайг ялалт байгуулахад манай клубийнхэн маш их баярладаг. Нэгэн АНУ-ын тулаанч надад “Намайг ялахад манай клубийнхэн л баярладаг, харин чамайг ялалт байгуулахад Монгол Улс тэр чигээрээ баярладаг” гэж хэлж байсан. Энэ үг надад маш их урам өгдөг. Цаашид залуу тамирчдыг бэлтгэж, дараагийн үеэ сургахад анхаарна.

– Танд амжилт хүсье.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө