Их жанжин Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өчигдөр тохиосон. Энэ үеэр жанжин Д.Сүхбаатарын өнгөт зургийг УИХ-ын дарга Н.Учралд гардуулсан нь олны анхаарлыг татав.
Учир нь уг зураг нь жанжин Д.Сүхбаатарын анхны өнгөт бөгөөд бодит зураг байсан юм. Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал, "Түүхч, доктор Ё.Отгонбаяр, А.Энхбат нараас их жанжин Д.Сүхбаатарын Францаас сурвалжлан олж, судлан баталсан, 20 настай үеийнх нь хоёр ширхэг өнгөт зураг хүндэтгэл дүүрэн гардан авлаа. Их жанжны мэндэлсэн өдрөөр ийм түүхэн нандин дурсгал хүлээн авснаа бэлэгшээж байна” гэжээ. Тэгвэл иргэд “Гоймон баатар гэж нэрлэдэг жанжин Д.Сүхбаатар үнэндээ өндөр биш, намхан хүн байсан байна” зэргээр сэтгэгдлээ илэрхийлж буй бөгөөд энэ өнгөт зургийг хэрхэн олсон нь олны анхаарлыг татаж байна. Мөн уг зураг дээрх хүн жанжин Д.Сүхбаатар мөн, эсэх маргаан ч цахим орчинд өрнөж буй. Тэгвэл энэ талаар түүхч, доктор Ё.Отгонбаяр “Энэ баасан гарагт түүний цор ганц ориг, өнгөт фото зургийг яаж олсон тухай ярина” гэжээ. Тодруулбал, уг зургийн талаарх нэвтрүүлэг энэ баасан гарагт цацагдах бололтой.
Өнөөдөр жанжин Д. Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Энэ баасанд түүний цор ганц ориг өнгөт фото зургийг яаж олсон тухай ярина. Клубын гишүүд үдээс хойш, бусад нь баасан гаригт үзээрэй
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) February 2, 2026