Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эмэгтэйчүүдийн шигшээ шатны тоглолт, эрэгтэйчүүдийн хасагдах шатны байрлалын төлөөх өрсөлдөөнтэй тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Маргааш /2025.02.04/ сагсанбөмбөгийг талбайд гурван тоглолт болох хуваарьтай байна.
15.40 цагаас “Дархан Юнайтед” багийн эсрэг “Ховд Шонхорууд” баг
“Дархан Юнайтед” багийн хувьд хүснэгтийн наймдугаар байранд найман хожил, 15 хожигдолтойгоор хасагдах аюултай бүсэд байгаа бөгөөд улирал дуусах дөхсөн энэ үед хожил авах хамгийн чухал байгаа билээ. Харин “Ховд Шонхорууд” багийн хувьд хэдий залуу бүрэлдэхүүнтэй ч хүснэгтийн зургаадугаар байранд хасагдах шатны байрлалын төлөө өрсөлдөж байна.
18.10 цагаас “Улаанбаатар Амазонс” багийн эсрэг “Аравт” багуудын аваргын төлөөх цувралын хоёр дох тоглолт
Аваргын цувралын эхний тоглолтод “Улаанбаатар Амазонс” баг 90:74 харьцаатайгаар хожил байгуулсан билээ. Тус тоглолтод МУГТ О.Хулан 35 оноо, 5 оновчтой дамжуулалт гэсэн онцгой тоглолтыг үзүүлэн багтаа хожил авахад хөтөлсөн бол “Аравт” багаас Б.Өнөрзаяа 31 оноо, 6 оновчтой дамжуулт өгсөн ч баг нь хожил авахад хангалтгүй байлаа.
20.40 цагаас “Сэлэнгэ Бодонс” багийн эсрэг “Хасын Хүлгүүд” баг
“Сэлэнгэ Бодонс” багийн хувьд өмнөх тоглолтондоо 86:85 онооны харьцаатайгаар “Би Си Эйч Найтс” багийг тоглолтын эцсийн мөчид хожсон билээ. Харин “Хасын Хүлгүүд” багийн тоглогчдын бэртэл гэмтлийн асуудал их байгаа. Багийн тоглогч Иан Миллер тоглолтын үед гуяны урд булчинд цохиулснаас болоод PRP тариа хийлгэж байгаа учир хөдөлгөөн хорьсон удахгүй талбайдаа гарна. Багийн холбон тоглогч Сэргэлэн улирал эхлэхийн өмнө мэс засалд орсон тул тоглохгүй байсан ба хоёр долоо хоногийн өмнөөс багийн бэлтгэлдээ орж эхэлсэн. Хасагдах шатны тоглолтоос эхлэн тоглоно гэсэн хүлээлттэй байна. Багийн довтлогч Биндэрьяа мөн бэртэлтэй байгаа бөгөөд эмчилгээтэй байгаа, одоогоор талбайдаа хэзээ гарах нь тодорхойгүй байна гэж багийн зүгээс мэдэгдсэн аж.