"Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураах зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурсан" гэх албан бус мэдээлэл гарч эхлээд байна

"Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураах зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурсан" гэх албан бус мэдээлэл гарч эхлээд байна

2025 оны Үндэсний их баярын наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Улсын Гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдаг.

Харин Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан байдаг. Иймд Монголын олон улсын ба Үндсэний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярын өргөдөлд допингийн давж заалдах журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн байдаг.

Учир нь нэр бүхий дасгалжуулагч Н.Өсөхбаярт зориудаар допингийн төрлийн бодис өгч, хэрэглүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ч уг хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Харин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Н.Өсөхбаярын цолыг хураах албан бичгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлээд байсан гэдэг. Тэгвэл Н.Өсөхбаярын Улсын Гарди цолыг хураах зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурсан гэх албан бус мэдээллийг зарим хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоо зэрэг зохих байгууллагуудаас албан ёсны мэдээллийг хараахан нийтлээгүй байна. Мөн бид Н.Өсөхбаяраас энэ талаар тодруулахаар ажиллаж байна. 




Өнөөдөр могой өдөр

8 цагийн өмнө