АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах шаардлага гарахгүй байх нь “үнэхээр гайхалтай” гэж мэдэгджээ. АНУ Персийн буланд цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа энэ үед тэрбээр Иран улс зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд “хоёр зүйлийг” хийх ёстой гэж онцолсон байна.
"Нэгдүгээрт, цөмийн зэвсэггүй байх. Хоёрдугаарт, жагсагчдыг хөнөөхөө зогсоох хэрэгтэй. Тэд мянга мянган хүнийг алж байна” хэмээн Д.Трамп хэлжээ. Мөн тэрээр “Иран руу чиглэсэн маш том, маш хүчирхэг хөлөг онгоцууд одоо явж байна. Хэрэв тэдгээрийг ашиглах шаардлагагүй болбол хамгийн сайн хэрэг” гэжээ.
Д.Трампын энэхүү мэдэгдэл нь Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээ хийхийг хэдэн долоо хоногийн турш шаардаж ирсний дараа гарч байна. Учир нь тэрээр өмнө нь Truth Social сүлжээндээ, “Иран яаралтай хэлэлцээний ширээнд сууж, шударга, тэгш гэрээ байгуулахыг би найдаж байна. ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ” хэмээн бичиж байсан юм.
Мөн "асар том армада Иран руу чиглэж байна" хэмээн анхааруулж, АНУ шаардлагатай тохиолдолд "хурдан, хүчтэй хариу үзүүлэхэд бүрэн бэлэн" гэдгээ илэрхийлсэн юм.
Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Ираны зэвсэгт хүчин аливаа түрэмгийлэлд “шууд бөгөөд хүчтэй хариу өгөхөд бэлэн, хуруугаа бууны гох дээр тавьсан байдалтай байна" гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зорьж байгаагүй, ийм зэвсэг нь улсын аюулгүй байдлын бодлогод огтхон ч хамааралгүй гэдгийг онцолсон.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади хоёр тал "мессеж солилцсон" ч АНУ-тай одоогоор албан ёсны хэлэлцээ эхлээгүй гэдгийг баталсан байна. Үүний зэрэгцээ Иранд эдийн засгийн хямрал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасны дараа арванхоёрдугаар сарын сүүлчээс эхэлсэн жагсаал өргөжиж, улмаар шашны удирдлагын хууль ёсны байдалд чиглэсэн хямрал болон хувирсан юм.
Эх сурвалж: BBC