Милан Кортинагийн өвлийн олимп ирэх сарын 4-нд эхэлнэ

Милан Кортинагийн өвлийн олимп ирэх сарын 4-нд эхэлнэ

Дэлхийн 90 гаруй орны 3500 орчим шилдэг өвлийн спортын тамирчид долоон спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хоёрдугаар сарын 4-нөөс хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.  

Манай улсаас гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрлөөр А.Ариунбат нар оролцох аж.  Манай  улсын гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд  хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн уралдах бол уулын цанын слалом төрөлд  хоёрдугаар сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЕНБД Э.Бадар-Ууган нар өнөөдөр өвлийн олимпын наадмыг сурвалжлах Хэвлэл мэдээллийн багийг Олимпик хауст хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

Энэхүү өвлийн олимпийг газар дээрээс нь сурвалжилах багт:

  •  “Токио 2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпын наадамд ажиллаж байсан МССХ-ны спортын гэрэл зурагчин Д. Нямбилэг,
  •  “Пёнчан 2018”, “Токио 2020” олимпын наадамд ажиллаж байсан спортын гэрэл зурагчин Э. Харцага
  •  News.mn сайтын спортын сэтгүүлч Б.Мөнгөнтамир  нар “Зохион байгуулах хорооноо”-с ирүүлсэн оролцох эрхийн мандатаа гардан авлаа.

Мөн Милан Кортина 2026 өвлийн олимпын наадмыг NTV, МҮОНТВ, С1, Сүлд, Боловсрол, Тэнгэр телевиз шууд дамжуулах  эрхээ авчээ.