АТГ-т шалгагдаж буй "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгожээ

АТГ-т шалгагдаж буй "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгожээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ.

УИХ дээрх тогтоолыг баталж, Рио Тинтотой хийж буй зээлийн хүү болон менежмэнтийн төлбөрийг бууруулах хэлэлцээг өргөтгөх шаардлага үүссэн. Тийм учраас “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийж буй Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч өргөтгөсөн байна. 

Үүнээс гадна “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулж томилохыг Засгийн газрын 2026 оны 1-р сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-д үүрэг болгосон байна. Энэ дагуу "Эрдэнэс Монгол" ХХК ойрын өдрүүдэд Э.Ганхүүг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, дараагийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлана гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Мөн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрын төлөөллийг хэрэгжүүлж байгаа гишүүдийн ажлыг дүгнэх, чөлөөлөх болон сонгон шалгаруулалтаар шинээр томилохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод үүрэг болгосон байна. Ташрамд дурдахад, Э.Ганхүүг "Эрдэнэс-Оюутолгой" компанийн ажлын байрыг худалдан авах гэрээг байгуулж, их хэмжээний төлбөр төлөхдөө албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа юм.