“Энх тайвны зөвлөл”-д нэгдэх үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, Д.Трамптай юу ярьсан бэ

“Энх тайвны зөвлөл”-д нэгдэх үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, Д.Трамптай юу ярьсан бэ

“Энх тайвны зөвлөл”-д Монгол Улс гишүүнээр нэгдсэнийг батлах баримт бичигт Ерөнхий сайд Г.Занданшатар гарын үсэг зурах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай богино хугацаанд ярилцдаг. Сайн харвал Д.Трамп Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгний хариуд мөрөн дээр нь гараа тавьж, биеийн хэлний хувьд ихэд нөхөрсөг хариу үйлдэл үзүүлдэг. Тэд чухам юу ярилцсан бол...

ВИДЕО: 

-Д.ТРАМПЫН ЦУВАА ДАВОСТ ОЛОН ЦАГИЙН УРТ ДАРААЛЛЫГ БИЙ БОЛГОЖ, ӨНДӨР ХАМГААЛАЛТ АВСАНТАЙ ХОЛБООТОЙГООР УТАС, ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭГ ХҮРТЭЛ УНАГАЖ БАЙВ-

2026.01.21-ны өдөр. Швейцарийн Давос хотод +2 хэмийн дулаан. Энэ өдрөөс хоёр хоногийн өмнө /2026.01.19/ 56 дахь удаагийн “Дэлхийн эдийн засгийн чуулган” Давос хотод эхэлж, дэлхийн өнцөг булан бүрийн 100 гаруй орноос төрийн өндөр дээд албан тушаалтан, тэднийг дагалдан ирсэн 3000 гаруй төлөөлөгч эндхийн нарийн гудамжуудад бужигнаж өнжив.

Өмнөх жилүүдэд Давост дэлхийн бүх мөнгө цугладаг байсан бол энэ жил мөнгө, эрх мэдэлтэйгээ хамт цугласан гэж хэлж болно. Дэлхийн эдийн засгийн чуулган бол Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей,  NBA супер од Трейси МакГрэди, Тэсла, “Space X” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск, алдарт Black Eyed Peas хамтлагийн дуучин Вилл Айм нарын түвшний улс төр, шинжлэх ухаан, эдийн засаг, урлаг соёл, спорт гээд бүхий л салбарын төлөөлөлтэй гудамжинд таарч ямар ч протколгүй, чөлөөтэй харилцаж болдгоороо онцлогтой талбар юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд чуулган эхэлснээс хойш хоёр хоногийн дараа Давост ирсэн бөгөөд түүнийг 1000 гаруй төлөөлөгч дагалдаж ирсэн гэх дам мэдээлэл бидэнд ирж байлаа. Түүний цуваа Давост олон цагийн урт дарааллыг бий болгож, өндөр хамгаалалт авсантай холбоотойгоор утас, интернэтийн сүлжээг хүртэл унагаж байв.

Нөгөө талд Грийнландыг авахтай холбоотой түүний байр суурийг эсэргүүцсэн европчууд явах зам дагуу нь эсэргүүцлийн жагсаал хийж хэрдээ хөл, хөдөлгөөн болсон. Тэрбээр ирсэн өдрөө илтгэл тавьсан бөгөөд агуулгыг Давост цугласан түмэн олноос гадна дэлхий нийтээрээ анзаарч сонссон учир энд дурдах нь илүү биз.

-Д.ТРАМП 60 УЛСАД УРИЛГА ХҮРГҮҮЛСЭН БӨГӨӨД ЕРӨНХИЙ САЙД ГАДААД ЯАМНЫХАНТАЙ ШӨНӨЖИН ЯРИЛЦСАНЫ ЭЦЭСТ УГ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН БАЙНА-

Харин биднийг хэрдээ л ярианы төвд аваачиж, Монголд шуугиан тарьсан нэг арга хэмжээг Д.Трамп өөрийн санаачлан, байгуулсан “Энх тайвны зөвлөл”-д манай улсыг элсэхийг урьсан явдал байлаа. Д.Трампийг “Энхтайваны гэрээтэй ирнэ. Ямар улсууд дэмжиж гарын үсэг зурах вэ” гэх мэдээлэл яригдаж л байсан.

Гэхдээ тэрбээр Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцсон бүх оронд бус 60-д нь л тус зөвлөлд нэгдэх урилга хүргүүлсэн гэж буй. Нэгдүгээр сарын 21-ний шөнө Швейцарийн цагаар 21.00 цаг орчимд манай улсад тус урилгыг албан ёсоор ирүүлж, нэг өдрийн дараа буюу 22-нд Ерөнхий сайд Г.Занданшатар тус зөвлөлд нэгдэж байгаагаа илэрхийлж баримт бичигт гарын үсэг зурсан. Уг үйл явдалтай зэрэгцэн Монголд “Юу руу чирэв. УИХ-аар хэлэлцүүлэлгүй олон улсын зөвлөлд нэгдлээ” зэргээр шуугилдаж байлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар богино хугацаанд тус шийдвэрийг гаргах хэрэгтэй болсон мөн Ерөнхий сайд Г.Занданшатар ганцаараа гаргаагүй гэх. Тодруулбал, урилга ирсэн даруйд Ерөнхий сайд Г.Занданшатар Гадаад яамныхныг дуудаж зөвлөлдсөн бөгөөд тэд давуу тал, эрсдэлийг бүх талаас нь шөнөжин ярилцаж хоножээ.

Ингээд Д.Трампын үүсгэн байгуулсан “Энх тайвны зөвлөл”-д нэгдсэн анхны 19 улсын нэг болох шийдвэрийг гаргаж, албан ёсны арга хэмжээнд оролцон гарын үсэг зурсан юм. Энэ зөвлөл бол Газын мөргөлдөөнийг эцэслэхэд чиглэсэн болон Ойрхи Дорнодод энх тайвныг бэхжүүлэх олон улсын санаачилга бөгөөд манай улс энд элссэнээрээ ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэдгийг онцлох нь зүйтэй юм.

Дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой. Манайхыг урьсан шалтгаан нь ардчилсан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой холбоотой.  

-УГ ЗӨВЛӨЛД НЭГДСЭНЭЭР МАНАЙ УЛС ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ БӨГӨӨД ЕРӨНХИЙ САЙД ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛАХ ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХТЭЙ -

Харин УИХ-аар оруулалгүй дураараа шийдвэр гаргалаа гэдэгт Гадаад харилцааны яамныхан “Монгол Улсын Ерөнхий сайд гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй” гэж тайлбарлав.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд "Зөвлөл бүрэн байгуулагдсанаар бид НҮБ-тай хамтран бүхнийг хийх боломжтой болох юм. НҮБ-д нүсэр их бололцоо бий гэдгийг би байнга хэлдэг" гэж мэдэгдсэн ч олон улсын судлаачид НҮБ-ийг унагаж, түүнийг орлох байгууллагыг байгууллаа хэмээн тайлбарлаж буй.

Гэхдээ энэ бол ирээдүйд тодорхой болох асуудал. Харин судлаачид дэлхийн дэглэм өөрчлөгдөж тэмцэл, хуваагдмал байдалд орж буй энэ үед манай улс бие даасан, хараат бус гадаад бодлогыг явуулдагаа, аливаа асуудлыг энхийн замаар шийдвэрлэдэг гэдгээ стратегийн гуравдагч хөрш АНУ-тай бататгасан үйл явдал боллоо хэлж байна. Энэ утгаараа улс төр, стратегийн маш чухал ач холбогдолтой шийдвэрийг манайхан Давост гаргажээ гэж хэлж болно. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Энх тайваны зөвлөлийн баримт бичигт гарын үсэг зурах үеэрээ "юу ярьсан бэ" гэдгийг сураглаж үзэхэд, Г.Занданшатар, "Чингис хааны дэлхийд энх тайвныг тогтоосон жишээг дурдаад, Д.Трампт амжилт хүсэхэд тэрбээр хариу талархсанаа илэрхийлжээ.