ВИДЕО: Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан "Энх тайвны зөвлөл"-ийн анхны гишүүн орон боллоо

2026-01-22 21:40

ВИДЕО: Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан "Энх тайвны зөвлөл"-ийн анхны гишүүн орон боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн санаачилсан "Энх тайвны зөвлөл"-ийг албан ёсоор байгуулж, Монгол Улс анхны гишүүдийнх нь нэг боллоо.

ВИДЕО:

Тодруулбал, Швейцарын Давос хотноо үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр тус зөвлөлийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улс гишүүн орноор нэгдсэнийг батлах баримт бичигт Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.01.22/ гарын үсэг зурсан байна. 

"Энх тайвны зөвлөл" нь дэлхийн геополитикийн тогтвортой байдлыг дэмжин ажиллах болохыг Д.Трамп онцолсон байна.

"Энх тайвны зөвлөл"-ийн зорилгын талаар Д.Трамп "Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын олон байгууллагатай хамтран ажиллана" хэмээн тайлбарлажээ. Мөн "Зөвлөл бүрэн байгуулагдсанаар бид НҮБ-тай хамтран бүхнийг хийх боломжтой болох юм. НҮБ-д нүсэр их бололцоо бий гэдгийг би байнга хэлдэг" хэмээн нэмж дурдсан байна.

Зөвлөлийн дүрмийг хүчин төгөлдөржүүлж, албан ёсны олон улсын байгууллага болгох нээлтийн ёслолд Д.Трампын улс төрийн холбоотнууд болох Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар, мөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Монгол, Турк, Азербайжан, Болгар зэрэг 19 орны төрийн тэргүүнүүд, өндөр дээд албан тушаалтнууд оролцож, үүсгэн байгуулагч гишүүд нь болцгоосон байна. 

2026-01-22 07:45

 Д.Трамп Монгол Улсыг “Энх тайвны зөвлөл”-д үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж Газын мөргөлдөөнийг эцэслэхэд чиглэсэн болон Ойрхи Дорнодод энх тайвныг бэхжүүлэх олон улсын санаачилгад нэгдэхийг урьжээ.

Тэрээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр байгуулагдах “Энх тайвны зөвлөл” нэртэй олон улсын шинэ байгууллагад Монгол Улсыг үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урьсан байна.

Доналд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох, Ойрхи Дорнодод энх тайвныг бататгах Нэгдсэн цогц төлөвлөгөө зарласан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол баталж, уг үзэл баримтлалыг талархан дэмжсэн юм. Энэхүү төлөвлөгөөний гол цөм нь Энх тайвны зөвлөл бөгөөд энэ нь урьд өмнө байгаагүй, хамгийн нөлөө бүхий, хамгийн үр дүнтэй олон улсын байгууллага байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн удаатай.