Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд өнөөдөр (2026.01.22) Дорнод аймгийн Чойбалсан суманд ажиллаж байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ тэдний санал, бодлыг тусгахаар ийнхүү зүүн бүсийн аймгуудад ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал орон нутаг дахь томилолтынхоо эхэнд “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн багийнхантай уулзлаа. 2025 оноос аймгийн хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд 14 суманд хамтарсан 25 баг ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил, арга хэмжээг зохион байгуулж, 197067 насанд хүрэгч, 34960 хүүхдийг хамруулан, нийт 1109 өрхөд хүрч ажилласан байна. Түүнчлэн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, ерөнхий боловсролын 27 сургууль, 37 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг, зөвлөгөө өгч хамтран ажиллажээ. Төслийн хүрээнд 8 суманд хохирогчийг хамгаалах байрыг ашиглалтад оруулж, сэтгэл зүйн үйлчилгээний жишиг төвийг аймгийн төвд нээснээс гадна хүүхдээс мэдүүлэг авах өрөөг мөн байгуулсан байна. Хамтарсан баг сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийн хамт холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, урьдчилан сэргийлэх шатанд нь анхан шатны зөвлөгөө болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлсний үр дүнд кэйс шийдвэрлэлтээр 96.2 хувийн үзүүлэлттэй гарсан нь тэргүүлэх үзүүлэлт болжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ундраа энэ мэтчилэн хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, онцлох ажлуудаа дурдаж, ирэх оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхдэд ээлтэй орчныг орон нутагтаа бүрдүүлэхэд сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж буй хүн бүрд талархал илэрхийлээд, цаашид зүүн бүсийн хэмжээнд “Хүүхэд-Эрдэнэ” жишиг төслийг үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.