Ө.Шижир: ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Ө.Шижир: ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ

АН-аас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Шадар сайд Т.Доржхандыг огцруулах албан бичгийг хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Цахилгааны үнэ нэмсэнтэй холбоотой эдийн засгийн хүндрэлүүд худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгаа талаар манай намаас судалгаа хийсэн. Үүн дээр бид улс төрийн дүгнэлт хийх ёстой юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Сүүлийн нэгхэн жилийн дотор цахилгааны 3 болон 4 дүгээр станцад ээлж дараалсан дэлбэрэлтүүд гарсны улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд байна. Харамсалтай нь үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Засгийн газарт хариуцлага хүлээдэг тогтолцоо нь байхгүй болчихсон. Засгийн газар давхардуулсан чиг үүрэг бий болгодог, хяналт хариуцлага нь сулардаг, хэн хариуцаж байгаа нь мэдэгддэггүй зэрэг асуудлууд байна. Мөн Эрчим хүчний реформын хороог татан буулгасан нэртэй мөртлөө Шадар сайдын ажлын албанд Эрчим хүч экспо дэмжих нэгж гэж арваннэгдүгээр сард байгуулсан. Нэг салбарыг хэд хэдэн сайд тодорхой асуудлууд дээр өөр өөр байдлаар хариуцаад ирэхээр үүсээд байгаа нөхцөл байдал, үүссэн асуудал, ирээдүйд гарч болох гэмтэл аюулгүй байдлыг анхаарч хариуцлага хүлээж чаддаггүй тогтолцоо бий болчихжээ. Тиймээс миний бие өнөөдөр өөрийнхөө бланк дээр Монгол Улсын Ерөнхий сайдад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын хариуцлага тооцож, огцруулахыг шаардсан албан бичиг явуулж байгаа. Яагаад албан бичиг явуулж байгаа вэ гэвэл Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдах эрх байхгүй. Шинэ Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүд шаардах л эрх байгаа. Ерөнхий сайд байнга ажлын хариуцлага ярьдаг, үр дүн шаарддаг гэж чуулган дээр байнга ярьдаг. Хамгийн томоор ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа хэрхэн хариуцлага тооцохыг харъя. Өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржхандыг огцруулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлж байна. Албан бичигт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодорхой дурдсан. Анх эрчим хүчний реформыг эхлүүлэхэд хэрэгжүүлнэ гэсэн ажлууд өдийг хүртэл хэрэгжээгүй. Тэрхүү асуудлуудад хариуцлага тооцох ёстой. Сайдыг чөлөөлөх нь нэгхэн минутын ажил шүү дээ.

ШУУД ҮЗЭХ:

С.ОТГОНБАЯР