Өнгөрсөн намрын УИХ-ын чуулганы хувьд улс төрийн дотоод зөрчил тэмцэлтэй, үйл явдал өрнөл ихтэй өнгөрлөө. Энэ бужигнаан дунд нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй ямар хуулийн төслүүд батлагдсан талаар, 2026 оны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай ярилцлаа.
ВИДЕО:
-Өнгөрсөн намар танай намын хувьд дотоод хагарал, тэмцэлтэй, үйл явдал ихтэй байлаа. Нэгдүгээрт энэ асуудлаа бүрэн шийдсэн үү, хоёрдугаарт, энэ их бужигнаан дунд нийгэм болоод эдийн засагт үр, өгөөжтэй голлох ямар хуулийн төслүүд батлагдав гэдгээс яриагаа эхэлье?
-УИХ-ын намрын чуулган өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ улс орны ирэх он жилүүдийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүнийг нь хангах төсөв, мөнгөнийх нь бодлогыг тодорхой болгож, баталдаг онцлогтой. Өнгөрсөн намрын чуулганы хуралдаанаар 14 хуулийн төсөл, УИХ-ын 36 тогтоолыг бид баталсан байна. “Шинэ итгэл, эрс шинэтгэл” хөгжлийн үндсэн чиглэлээ баталлаа. Энэ үндсэн чиглэлээр 8 бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн. Өмнөх үндсэн чиглэл, бодлогын баримт бичгээр юугаараа ялгаатай вэ гэхээр хүрэх түвшин, үнэлэх үнэлэмжийнхээ асуудлыг тодорхой болгож өгсөн.
Үндсэн 10 чиглэлээр хөгжлөө дүгнэж, салбарын түвшинд 37, төсвийн ерөнхийлөн захирагч нарын хүрээнд 87, хөтөлбөрүүдийн хүрээнд 220 гаруй үр дүнгээр дүгнэнэ. Ингэж байж энэ улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр дүнг тооцож явах ёстой.
Мөн мэдээж 2026 оны төсвөө бид хэлэлцэн баталлаа. Орлогоо 31.9 их наядаар, зарлагаа 32.9 их наядаар, төсвийн алдагдал 1 их наяд байхаар баталсан. Энэ дотроос хөрөнгө оруулалт, хийх бүтээх үйл ажиллагаанд 8.8 их наядыг тусгаж чадсан. Үүний 3.2 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.3 их наядыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар, 1.5 орчим их наяд нь гадаадын зээл, тусламжийн ашиглалтаар хийх юм. Энэ хүрээнд бид энэ улс орны аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс стратегийн орд бүхий зарим бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаатай байх тусгайлсан хууль гаргасан. Тодруулбал, нэфт бүтээгдэхүүний хадгалалт, хангалттай холбоотой нэлээд томоохон асуудлыг шийдэж, чадсан.

Дээр нь Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкны хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг шийдэж чадлаа. Үүгээрээ дамжуулан бид иргэдийн дунд зонхилох байр суурийг эзлээд байгаа зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, чадамжаа нэмэгдүүлэх хүрээнд 60 орчим сая ам.доллараар зүрх судасны клиник, эмч мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх зардалтай нь хамт шийдлээ. Азийн хөрөнгө оруулалтын банкнаас хөрөнгө оруулж ирж, дөрвөн салбарыг дэмжинэ. Энэ нь боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, онцгой байдлын салбар, ажилчдаа мэргэшүүлэхэд тодорхой хөрөнгүүдийг тусгаж чадсан гээд иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхтэй холбоотой томоохон бодлого чиглэл, эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан намрын чуулган байлаа. Мэдээж улс төрийн тодорхой сөргөлдөөн байсан.
Тодорхой асуудлуудад байр суурийн зөрүүтэй асуудал гардаг. Үүнийг бид тал бүрээсээ ярилцаж, олон ургальч үзэл дээрээ тулгуурлан, сонгож авсан нийгмийн үндсэн зарчим буюу хамтаараа, олноороо асуудлаа шийддэг үндсэн зарчмаараа явж, асуудлаа шийдэж чадсан. Тийм учраас энэ асуудал төрийн ажилд гацаа саад болсон гэхээс илүү бодлого үйл ажиллагаагаа эргэж харсан, ажигласан үйл явц.
-Төсвийн орлогын ихэнх хувийг манай улсад уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тэгэхээр 2026 онд МАН-ын бүлэг уул уурхаайг дэмжихэд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Уул уурхайн салбарын үйлдвэрлэл бол манай улсын эдийн засаг болон импортын гол чиглэл салбар болоод байна. Тийм учраас нэвтрүүлэх чадамж руу гол анхаарлаа төвлөрүүлнэ. Хилийн боомтуудынхаа нэвтрэх чадварыг нэмэгдүлнэ, дэд бүтцйн асуудлыг шийдвэрлэх, хилээр нэвтэрч байгаа бараанд тавих хяналтыг урхаалаг систем рүү шилжих замаар нэвтрүүлэх чадварыг хурдасгах тухай асуудал руу тодорхой бодлогыг хийнэ. Хоёрдугаарт гол импортлогч улс орнуудтай тогтвортой хамтран ажиллах тухай асуудал байна. Мөн энэ салбаруудын боловсруулах чадавхын асуудал их чухал болоод байгаа. Зэс боловсруулах үйлдвэр, эрдсүүдийг хог хаягдал, шороо тоосноос нь ялгах, угаах баяжуулах чиглэлийн үйл ажиллагааг дэмжих ёстой. Гэхдээ энэ бол нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн гэхээс илүүтэйгээр уул уурхай, эрдсийн үндсэн мөн чанарыг хангах л үйл явц шүү дээ. Үүгээр хязгаарлахгүйгээр боловсруулалтаа илүү ахиулах хэрэгтэй. Кокс химийн үйлдвэрийг барих ажлыг Багануурт эхлүүлсэн. Ийнхүү бид боловсруулалт руу анхаарал хандуулж байна. Мөн дэлхий нийтийн чиг хандлагыг харж, хариу арга хэмжээгээ боловсруулах ёстой боллоо. Үнэхээр нүүрсний гаралт муу, хатуу нүүрсэн дээр тулгуурласан станцуудын асуудал урагш явах нь хязгаартай байгаа бол бид заавал биет хэлбэрээр гадагш гаргалгүй, дотооддоо үйлдвэрлэлээ хийж, агаарын дамжуулах шугамаараа эрчим хүч экспортлох асуудлаа одооноос л харж, бэлтгэлээ хангах ёстой. Хоёрдугаарт ган хайлуулахад өөр технологи ашигладаг болсон үйл явцтай холбогдуулан бид коксжсон нүүрс гаргах, кокс химийн үлйдвэрийг барьж, эцсийн бүтээгдэхүүн үлйдвэрлэхэд анхаарч ажиллах алсын бодлого байгаа юм. Энэ мэтчилэн мега төслүүдээ нэлээд сайн дэмжих ёстой.

-Манай улс бизнесийн эрх чөлөөгөөр 79 дүгээрт, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаараа 119 дүгээрт буюу “муу” гэсэн түвшинд ангилагддаг юм байна. Ингэхээр энэ бизнес эрхлэгчдэд манай улс ээлтэй бус орчинг бүрдүүлсэн нь харагдаад байгаа юм. Өнгөрсөн намрын чуулганаар МАН-ын бүлэг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийн төслөөр бизнес эрхлэгчдэд ямар боломж нээгдэх юм бэ?
-Боловсруулах салбарын хөгжлийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, таатай орчинг бүрдүүлэх асуудал чухал байгаа юм. Татварын бодлого гэхээс илүүтэй эдийн засгийн эрх чөлөө, төрийн оролцооны асуудалд онцгой анхаарал хандуулаад байгаа. Тийм учраас эдийн засгийн эрх чөлөөг хангах анхдагч хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганы төгсгөл дээр АН-ын бүлэг завсарлага аваад байгаа. Энэ хугацаанд эдийн засгийн эрх чөлөөний хууль баялаг бүтээгчдийг дэмжих, эдийн засгийн цогц реформын асуудалд гол анхаарлаа төвлөрүүлж, МАН-ын бүлэг үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна гэдгийг зориуд хэлмээр байна.
Баялаг бүтээх үйл ажиллагаа, үүнд төрийн оролцооны хэлбэрийн тухай ойлголт, тусгай зөвшөөрөл, хөрөнгийн хамгаалалт, баталгааны тухай асуудал, татварын таатай орчин, дэмжлэгийн тухай асуудал гээд олон зүйлийг тал бүрээс нь ярих ёстой.
Үүнтэйгээ уялдуулаад эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, төлбөрийн чадваргүйжилтийн тухай хууль, татварын багц хууль гээд олон хуулийн төслүүд өргөн баригдаад ороод ирсэн. Хаврын чуулганы гол асуудал энэ байх болно. Өнгөрсөн хугацаанд эрх бүхий байгууллагууд өөрсдийн дүрэм журмаа зөвшөөрөл гэж хэлэлгүй, зөвшөөрөлтэй адилтгаж болох нөхцөл байдлыг бий болгсоон. Энэ нь баялаг бүтээгчиддээ хүндрэл, бэрхшээлийг авч ирж байна. Иймд үүнийг цаашид зохцуулах, хязгаарлах асуудлыг одоо энэ зөвшөөрлийн хуулиар тодорхой болгож шийдэх хэрэгтэй болно.

-Удахгүй Цагаан сар болох гэж байна. Жил бүр л энэ баяр ёслолоор үнийн өсөлтийн асуудал яригддаг. Энэ инфляцийн асуудалд хэрхэн анхаарч ажиллах юм бэ?
-Манайх жижиг, мэдрэмтгий зах зээл. Иймд улирлын, онцгой цаг үеийн мэдрэмж авч өөрчлөгдөөд байгаа зүйл бий. Тэгэхээр үүнийгээ зөв харж, үнийн өсөлтийн дарамтыг гаргахгүй байх, эрэлт, нийлүүлэлтийн харилцаагаа зөв хангах талаар их хурлаас тогтоол гарч, Монгол банк холбогдох байгууллгууддаа чиглэл өгсөн гэдгийг зориуд хэлэх ёстой. Мөн цаг үеийн энэ нөхцөлд завсарын оролцогч, дамжлагагүйгээр үйлдвэр эрхлэгч, хэрэглэгчдийг шууд холбох асуудал чухал. Иймд малчид, тариаланчдыг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдээ шууд хүргэх ажлыг зохион байгуулах ётсой.