АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж Газын мөргөлдөөнийг эцэслэхэд чиглэсэн болон Ойрхи Дорнодод энх тайвныг бэхжүүлэх олон улсын санаачилгад нэгдэхийг урьжээ.
Тэрээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр байгуулагдах “Энх тайвны зөвлөл” нэртэй олон улсын шинэ байгууллагад Монгол Улсыг үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урьсан байна.
Доналд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох, Ойрхи Дорнодод энх тайвныг бататгах Нэгдсэн цогц төлөвлөгөө зарласан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол баталж, уг үзэл баримтлалыг талархан дэмжсэн юм. Энэхүү төлөвлөгөөний гол цөм нь Энх тайвны зөвлөл бөгөөд энэ нь урьд өмнө байгаагүй, хамгийн нөлөө бүхий, хамгийн үр дүнтэй олон улсын байгууллага байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн удаатай.