П.Мөрөн: Энэ жил бэртэлтэй байсан ч чадах бүхнээ хийж, "Дакар Ралли"-д 19-р байр эзэллээ. Одоо хагалгаандаа ороод ирэх жил илүү “том зүйлд” зорино

П.Мөрөн: Энэ жил бэртэлтэй байсан ч чадах бүхнээ хийж, "Дакар Ралли"-д 19-р байр эзэллээ. Одоо хагалгаандаа ороод ирэх жил илүү “том зүйлд” зорино

Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нь 14 хоногийн хугацаанд нийт 8,000 км зам туулж, мотоциклын төрөлд өрсөлдсөн 115 тамирчнаас General ангилалд 29-р байр, Rally2 ангилалд 19-р байрыг тус тус эзэлж, Монголын авто спортын түүхэнд бахархалтай амжилт үзүүлээд эх орондоо ирлээ. Иймд бид энэхүү уралдааных нь талаарх түүнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Хоёр дох удаагаа “Дакар Ралли" уралдаанд оролцлоо. Энэ жилийн тэмцээн ямар онцлогтой байв? Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл их сайхан байна. 7, 8 сараас хойш хүсэж, мөрөөдөж байсан зүйлдээ олон хүний дэмжлэгээр хоёр дах удаагаа уралдаж ард нь гарсандаа  сэтгэл хангалуун байгаа. Дараагийн “Дакар Ралли” уралдаанд илүү томыг зорьж оролцох боломжтой гэж харсан.

-Олон өдрийн, урт зайны уралдаан болдог учраас бие болон сэтгэлзүйгээ маш сайн бэлдэх хэрэгтэй байдаг. Бэлтгэл сургуулилтаа хаана базаасан бэ?

-Есдүгээр сар хүртэл мотоциклтойгоо бэлтгэлээ хийсэн. Тэрнээс хойш хүйтэрсэн учраас бокс болон кросспитийн бэлтгэл их хийсэн дээ. Гэхдээ л бэлтгэл маань дутуу юм шиг санагдаж, дахиад өөрийгөө илүү бэлдэх ёстой юм байна гэж бодсон. Бусад багуудын хувьд сэтгэлзүйчтэй байдаг юм байна лээ. Манай багт сэтгэлзүйч байхгүй. Аль болох бага зардлаар явж байгаа учраас өөрийнхөө бүх зүйлийг өөрөө л хийгээд явсан. Манай багт гурван залуу хамтарч ажилласан юм. Тэд медиа, хувийн зохион байгуулалт зэргийг хариуцахын хажуугаар миний сэтгэлзүйг их дэмжсэн. Мөн өөрөө ч заримдаа өмнөх болсон хэцүү зүйлсээ бодож одоо байгаагаас ч илүү хэцүү байсан шүү дээ гэж сэтгэл санаагаа дэмжиж байсан. Уралдах замуудын хооронд засмал замаар дамжин өнгөрдөг. Тэр үедээ чихэвчээр дуртай зүйлсээ сонсож болдог болохоор Монголын хаадуудын түүхийг сонсож эрч хүч аваад уралдах газартаа очиход илүү хурцлагдсан байдаг юм шиг санагддаг.

-Тэмцээний үеэр 45 минутаар торгуулсан. Ямар шалтгаанаас болоод торгуулсан бэ?

-Бид өөрсдөө газрын зургаа харж уралддаг. Зарим уулзварууд дээр буруу тийш салаад дайран өнгөрөх цэгээ 3 удаа алгасаж яваад 45 минутаар торгуулсан. Нэг дайран өнгөрөх цэг алдвал 15 минут байдаг юм. Өөрөө алгасаад явснаа мэдсэн хэдий ч буцаад явахад торгуулиасаа их цаг зарцуулах байсан учраас орхиод явсан. Энэ алдаж байгаа цаг, техникийн саатлын цаг байхгүй бол миний амжилт ахих юм байна гэдгийг харсан учраас дараагийн тэмцээнүүддээ илүү бэлтгэлтэй орно гэж бодож байгаа. 

-Сүүлийн өдрийн гарааны үеэр шатаахуун тань дуусаад чирүүлж бариандаа орсон. Энэ талаар?

-Уралдаж байх үед бензин маань дуусчихсан. Гар өргөөд хоёр хүн намайг орхиж яваад, гурав дахь хүн маань намайг гурван км газар чирээд барианд оруулсан. Тухайн тамирчинд маш их баярлаж байгаа. Энэ үйл явдлаас сайн хүн маш олон байдаг юм байна, маш олон км саад, бартаатай замд шийдлүүдийг хурдан гаргаж явдаг учраас ухаалаг хүмүүс байдаг юм байна гэдгийг ухаарсан шүү энэ жил.

-Олон хоногийн, ачаалалтай уралдаанд нойр, хоол хамгийн чухал байдаг байх. Юу идэж, ямар орчин нөхцөлд унтаж амарч байсан бол?

-Монголоос “Говийн Бор” гээд шар тостой, шар будаатай, борцтой цай авч яваад идсэн юм. Олныг авч явж чадаагүй болохоор сүүлийн өдрүүдэд дуусаад монгол хоолоо санахаараа савыг нь үнэртдэг байсан даа. Бусад багууд тусдаа гал тогоотой явдаг юм байна лээ. Манай баг цаанаас гаргаж өгсөн машинд хонодог байсан. Зарим хоноглоход хэцүү, хүйтэн өдөр эсвэл далайн эрэг дээр шумуул ихтэй унтаж чадахгүй үеүдэд дэн буудалд хоноглосон. Жижигхэн 2 ортой нэг өрөөнд дөрвүүлээ ордог. Би уралдаж байгаа болохоор нэг орон дээр нь унтаад манай багийнхан хуруудаад ялсан нь үлдсэн нэг орон дээр, ялагдсан нь газар унтдаг байсан.

-Энэ удаагийн “Дакар Ралли”-д бага зэргийн гэмтэлтэй байсан гэсэн ямар гэмтэл байсан бэ?

-Өмнөх тэмцээн дээр хэрэггүй зүйл дээр мотоциклтойгоо харайгаад тэнцвэрээ олж чадалгүй унаад 2 цаг орчим ухаан санаа орж гараад эмнэлэг дээр очоод үзүүлэхэд эгэм, мөр хоёрыг холбодог холбоос зөөлөн эдийн бэртэл авсан байсан. Энэ бэртэл хагалгааны заалттай байсан ч гэсэн энэ жил “Дакар Ралли”-д оролцох байсан учраас хагалгаандаа ороогүй байсан. Гэхдээ бэртэл энэ удаагийн тэмцээнд төдийлөн нөлөөлөөгүй гэж бодож байгаа. Одоо хамгийн эхний зорилго Монголд эсвэл Хөххот руу явж хагалгаандаа орно. Нэмээд хөлөнд ч юм уу, нуруунд ч юм уу мэдрэлийн судас дарагдсанаас болоод хөлийн тавхай бадайраад байгаагаа бас үзүүлнэ гэж бодож байгаа.

-Энэхүү тэмцээнд оролцоход хэд орчим төгрөгийн зардалтай байсан талаар асууж болох уу?

-Энэ удаагийн тэмцээнд явсан зардал ойролцоогоор 510 орчим сая төгрөг болсон. Маш олон хүмүүс миний цахим хуудсаар дамжуулан намайг дэмжиж, хандив өгсөн. Бүгдэд нь баярлалаа.

-Дараа дараагийн тэмцээнүүддээ ямар зүйл дээр анхаарвал амжилтаа ахиулна гэж бодож байна вэ?

-Техникийн хувьд илүү сайжруулах хэрэгтэй гэж бодсон. Миний мотоцикл энгийн учраас дараагийн уралдаан дээрээ сайн тоногтой, бэлтгэгдсэн техниктэй оролцох юм бол би илүү сайн уралдаж чадахаас гадна ивээн тэтгэгч хайх, гэрээ хэлэлцээр хийх гэх мэтчилэн ажилд зарцуулах цагаа бэлтгэлдээ зарцуулбал амжилт маань улам сайжирна гэж бодож байна. Намайг энэхүү уралдаанд явахад тусалсан байгууллагууд, найз нөхөд, ах дүү болон цахим хуудсаар дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. 

Сэтгүүлч Н.Мөнхбаатар




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө