Ардчилсан намын гишүүдийн боловсруулж буй “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр МҮХАҮТ-д хийлээ.
Хэлэлцүүлэгт АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Б.Түвшин, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын тээвэр логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү хуулийн төсөл нь эдийн засгийн эрх чөлөө бол төрөөс олгогдсон зүйл биш харин заяагдмал зүйл юм гэж үзэж, тэрхүү эрхийг нь хангах, хамгаалахад (үүнд төрөөс хамгаалах ч багтана) чиглэн бичигдсэн аж.
Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл, “Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, хувийн өмч, хувийн санаачилгад суурилсан зах зээлийн эдийн засгийг эргэлт буцалтгүй сонгосноо Үндсэн хуулиар баталгаажуулаад 35 жил өнгөрсөн ч Үндсэн хуулийн уг үзэл санаа аажмаар бүдгэрч, чөлөөт эдийн засгийн орон зайг хумигдаж, Үндсэн хуулийн үзэл санаа ба бодит байдлын хооронд асар том ангал үүсчээ. Энэхүү ангалыг нөхөж, Үндсэн хуулийн үзэл санааг бодит биелэл болгох нь энэхүү хуулийн амин чухал зорилго мөн" гэжээ.