АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Тони Блэйртэй уулзаж, “Хуваагдалтай дэлхийд яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” уулзалтад оролцоно

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Тони Блэйртэй уулзаж, “Хуваагдалтай дэлхийд яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” уулзалтад оролцоно

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо хоёр дахь өдрөө эхэлж байна. Уг арга хэмжээ таван өдөр үргэлжилж, 23-ны өдөр өндөрлөх юм. Энэ жилийн хувьд уг форум нь 56 дахь жилдээ “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” уриан дор зохион байгуулагдаж, 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорациудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл болон эрдэм шинжилгээний байгууллагын 3000 гаруй төлөөлөгч өргөнөөр оролцож байна.

-ЧУУЛГА УУЛЗАЛТАД Д.ТРАМП, АРГЕНТИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАВЬЕР МИЛЕЙ, УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ В.ЗЕЛЕНСКИЙ НАРЫН 3000 ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА-

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Украины ерөнхийлөгч В.Зеленский, Германы канцлер Фридрих Мерц нарын тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн зохистой хэрэглээ, дэлхийн эдийн засгийн тогтвортой ба хүртээмжтэй өсөлт, бүс нутгийн болон дэлхийн геополитикийн сорилтууд зэрэг асуудлыг голлон хэлэлцэнэ. Эдгээр сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн өндөр түвшний хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулагдана. Мөн чуулга уулзалтын үеэр 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг дэмжих, улс орнуудын эдийн засгийн хөгжлийн боддлого, реформын туршлагыг солилцох, олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн боломжийг судлахад онцгой анхаарах юм. Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэх чухал боломж болно.

-ГРИЙНЛАНДАД ХЯНАЛТАА ТОГТООХ ЁСТОЙ ГЭЖ МЭДЭГДСЭН Д.ТРАМПЫН БАЙР СУУРИЙГ ФОРУМД ОРОЛЦОГЧИД АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА-

Энэ жилийн оролцогчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нарын Грийнландтай холбоотой байр суурийг маш их сонирхож буй талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Тодруулбал, “Дональд Трамп Грийнландыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд маш чухал гэж үзэж байна. Тиймээс бид хяналттай байх ёстой. Хэрэв Дани, Европын орнууд эсэргүүцвэл эдийн засгийн дарамт, татвар үзүүлж магадгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Түүний мэдэгдлийн хариуд “Францын Ерөнхийлөгч Э.Макрон Грийнланд бол худалдах, булаах объект биш. АНУ Грийнландыг авах талаар дарамт шахалт, тарифын заналхийлэл хэрэглэж байгаа нь хүлээн зөвшөөрөхгүй зүйл” гэсэн билээ.

ЕРӨНХИЙ САЙД CNN БОЛОН UBER КОМПАНИЙН ХАМТРАН ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОНО-

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Солонгосын телевизэд яриа өгсөн бол өнөөдөр /2026.01.20/ “Эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс давуу байр суурь эзэлж байгаа вэ”, “Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаан”-д салбар хуралдаанд оролцохоос гадна “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Хятадын эдийн засаг бүрэн шилжилтэд орсон уу”, “Хуваагдалтай дэлхийд яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно. Мөн нэгэн чухал уулзалт болох нь Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевер нартай уулзаж санал солилцох аж. Тэрбээр уг форумын үеэр “Тойрог үнэ цэнийн сүлжээ хиймэл оюун ухааны хэрэглээ”, “CNN болон UBER компани хамтран дэлхийн бизнес, технологийн тэргүүлэгчдэд зориулсан арга хэмжээ” зэрэгт оролцохоор төлөвлөжээ.