ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “төрийн албанд зөв жишиг”-ийг тогтоов. Д.Одбаяр хэзээ огцрох вэ

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “төрийн албанд зөв жишиг”-ийг тогтоов. Д.Одбаяр хэзээ огцрох вэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаа өгөхийг шаардсан гэх албан бус мэдээлэл гараад байгаа юм.  

Учир нь ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа “зүй бус үг хэллэг” хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэл өртөөд байгаа. Тэрээр энэ тухайгаа Г.Загдаагийн асран хамгаалдаг иргэдийг “гөлөг хэмээн хэлж, энхрийлсэн, егөөдсөн” утгаар хэлсэн гэж тайлбарлаж буй.

Тэгвэл өнөөдөр тэрээр ХЭҮК-ын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний өргөдлийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх тов гараад байна. 

Иймд Ж.Бямбадорж гуайг “төрийн албанд зөв жишиг”-ийг тогтоолоо гэх иргэд олон байна. Учир нь цаашид төрийн албан тушаалтан хариуцлагагүй үг, үйлдэл гаргасан бол өөрийн хүсэлтээр төрийн албан тушаалаас татгалздаг байх нь төрийн албаны нэр хүнд, шударга ёсонд нийцэх юм. 

Тэгвэл энэхүү үйл явдалтай зэрэгцэн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард БНСУ-ын иргэний биед зөвшөөрөлгүй хүрч, түүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт нэр холбогдож, Монгол төдийгүй БНСУ-ын иргэдийн шүүмжлэлд өртсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг үүрэгт ажлаас нь хэзээ чөлөөлөх вэ гэсэн асуудал гарч байна. 

Учир нь тэрээр тус асуудалтай нэр холбогдож, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаасаа татгалзаж, цэцийн гишүүний албан тушаалдаа үлдсэн юм. Гэтэл тэрээр УИХ-ын даргын квотоор цэцийн гишүүн болсон байдаг. Иймд түүнийг цэцийн гишүүнээс нь огцруулах асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар хөндөж, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой ч одоог хүртэл тэрээр Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг хөндөөгүй байгаа юм.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө