Өнөөдөр /2026.01.19/ Испанийн өмнөд хэсгийн Кордоба мужийн Адамуз хотын ойролцоо өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас дор хаяж 21 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн шархадсан тухай албаныхан мэдээлжээ. Шархадсан хүмүүсийн дунд 30 гаруй нь хүнд байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Малагагаас Мадрид чиглэлд явж байсан галт тэрэг саяхан засварласан, шулуун зам дээр зорчиж яваад замаасаа гарч, эсрэг урсгалын зам руу орсноор Мадридаас Хуэльва чиглэлд явж байсан өөр нэг галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Испанийн тээврийн сайд Оскар Пуэнте энэ явдлыг “маш хачирхалтай тохиолдол” хэмээн тодорхойлжээ.
Осол гарсан үед эхний галт тэргэнд 300 орчим, нөгөөд нь 100 орчим зорчигч тээвэрлэж явсан байна. Ослын дараа мушгирсан вагонууд аврах ажиллагааг хүндрүүлж, зарим тохиолдолд амьд хүмүүсийг гаргахын тулд цогцсыг зайлуулах шаардлага гарч байсныг аврагчид мэдээлжээ. Яг одоо Мадрид-Андалузын чиглэлийн бүх төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоож, өртөөнүүдэд хохирогчдын ар гэрт зориулсан тусгай цэгүүдийг нээгээд байгаа ажээ.
Харин Испанийн Ерөнхий сайд Педро Санчес уг явдлыг “улс орон даяар гүн эмгэнэл дагуулсан шөнө” хэмээн тодорхойлсон бол Хаан Фелипе VI, хатан хаан Летизия нар нас барагсдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүссэн байна. Мөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон болон Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен нар мөн эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC