Т.Бадрал: Гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх гэж байгаад  халдвар авах эрсдэл өндөр байна

Т.Бадрал: Гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх гэж байгаад халдвар авах эрсдэл өндөр байна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Хилийн чандаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар Гадаад хэргийн сайдын саналын дагуу тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг УОК-оос өглөө.

ГХЯ-наас ирсэн мэдээллээр гадаад орноос 8000 орчим иргэн ирэх хүсэлтэй байна.

Замын-Үүдийн хилийн боомтын ажлын эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ. Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй бөгөөд хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийнэ.Мөн ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад нийтдээ 40 хоног тусгаарлагдаж, барилгын ажлыг эхлүүлнэ.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 6 дугаар сарын 1-нд хүлээж авч, эхний ээлжинд коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарлаа.

Хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж буй тээврийн хэрэгслийг цагдаагийн машин дагаж явж, хүргэх цэгт нь хүргүүлж байгаа. Ингэж явахад цагдаагийн машин эвдрэх зэрэг хүндрэл гарч байна. Дөрөвдүгээр сард багтаан бүх эрүүл мэнд, УОК-ийн гишүүн байгууллагуудыг оролцуулж COVID-19 тархсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургууль зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Энэ сургуулийг Улаанбаатар хотод биш Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хийх нь зүйтэй.

Шүүхийн ажиллагаанууд тасалдсан байна. Түр хугацаагаар өнөөгийн нөхцөлтэй зохицуулах шаардлага байна. Гадаадаас иргэдээ авах асуудлыг УОК хуралдаж, шийдвэрээ гаргадаг болсон. Өнөөдрийн хувьд тэндээс, эндээс иргэдээ татна гэсэн шийдвэр гараагүй. Зөвхөн БНХАУ-ын Эрээн хотоос 56 иргэнийг татаж авчрах шийдвэр гаргалаа. Эх орон руугаа ирэх гэж зүтгэж яваад халдвар авчих вий. Гэрийн хорионд байгаа бол түүнийгээ мөрдөж байхыг гадаадад байгаа иргэддээ анхаарууллаа." гэлээ.