Хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй “дүрдээ орсон” хэдэн эрхмүүд иргэн биднийг оноожуулах, ангилж ялгах юм байх. Явган алхвал “сайн”, автобусанд суувал “сайндуу”, скүүтер, дугуй унавал “дунд” гэж оноожуулах юмуу даа янз нь. Харин автомашин унаж, таксинд суувал нийгмийн дайсан, бараг л “гахай” гэсэн шошго зүүх юм байх.
-ИРГЭДИЙГ ЮУГААР, ЯАЖ ЯВАХЫГ ОНООГООР ШИЙДНЭ ГЭЖ БАЙГАА НЬ ХҮМҮҮСИЙГ ДОРД ҮЗЭЖ БУЙ ХЭЛБЭР-
Тодруулбал, Хотын даргын орлогч Т.Даваадалай, А.Амартүвшин нар “Хүн өдөрт 10,000 алхалт хийх ёстой ч Улаанбаатарын иргэд 1500-2000 алхалт л хийж байна. Алхаж, гүйдэг, байгаль орчиндоо ээлтэй иргэдийг оноожуулна” хэмээн ярих болсон. Мөн Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон Ж.Сандагсүрэн, “Автобусаар зорчсон, алхсан эсвэл дугуй унасан иргэнд оноо олгодог болно. Энэ журмыг Засаг даргын дэргэдэх зөвлөл хэлэлцсэн тул удахгүй НИТХ-аар хэлэлцэнэ” гэж мэдэгдлээ.
Ерөөсөө эдгээр хүмүүсийн яриад байгаа зүйл бол Х.Нямбаатарын авто замын түгжрэлтэй “торгож, хязгаарлаж” хийдэг тэмцлийн нэг хэлбэр нь. Эхлээд урамшуулна гэнэ, дараа нь аажмаар шахна, эцэст нь хотын иргэний амьдралыг оноогоор хэмждэг системд оруулна гэсэн үг. Харин Т.Даваадалай, А.Амартүвшин, Ж.Сандагсүрэн нарын яриад байгаа үгийг нь Х.Нямбаатар зааж өгөөд тэднээр дамжуулж нийгмийн уур амьсгалыг хэмжиж, тэвчээрийг нь шалгаж байж ч магадгүй.
Гэхдээ өнөөдөр Монгол Улс коммунист нийгэмтэй орон биш. Иргэн бүр хаашаа, яаж явах аа даргаар заалгаж, "замын хуудас" авдаг байсан үед 30 жилийн хойно үлдсэн. Мөн Х.Нямбаатар, Т.Даваадалай, А.Амартүвшин, Ж.Сандагсүрэн нар ч төрхөөсөө дарга болоод төрсөн, иргэдийг захирах язгууртны кастууд биш.
Учир нь Үндсэн хуулийн 16.18-д Монгол Улсын иргэн “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 3.1-д “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн тодорхой бичсэн. Тэгвэл хотын удирдлагууд хэн хаана явах, яаж явах, юугаар явахыг оноогоор шийдэх гээд сууж байгаа нь Үндсэн хуулийн эсрэг, ардчиллын эсрэг оролдлого юм. Үндсэндээ, хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй “дүрдээ орсон” хэдэн эрхмүүд Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй, иргэдийг илтэд үл тоож, дорд үзэж, захирах объект мэт харж байна. Учир нь Монгол Улсын иргэн бол оноо цуглуулах тоглоомын дүр биш, мөн Улаанбаатарт амьдарч буй иргэд бол Х.Нямбаатарын туршилтын харх бүр ч биш.
Авто замын түгжрэлтэй тэмцэхийн тулд алхдаг, дугуй унадаг, автобусаар явдаг иргэдийг оноожуулж байгааг та хэр зөв шийдэл гэж үзэж байна вэ?
Нийт: 1 саналтай
-Х.НЯМБААТАР ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН БОДИТ НӨХЦӨЛИЙГ ҮЛ ТООЖ ШИЙДВЭР ГАРГАДАГ НЭГЭН-
48 дугаар сургууль төгсөж, “Орхон” нэртэй хувийн их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн, улмаар тэндээ багшилж, Цагдаагийн академид суралцан, өмгөөлөгчөөр ажиллаж явсан Х.Нямбаатарыг 2009 онд хэн нэгэн Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга болгон татсанаар түүний карьер огцом өсөж, өнөөдөр Хотын дарга болтлоо дээшилсэн.
Ийнхүү “албан тушаалын шат”-аар өгссөн Х.Нямбаатар өнөөдөр иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хязгаарлах тухай ярьж, шийдвэр гаргаад сууж байна. Түүний орлогч А.Амартүвшин бол ШШГЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаярын хүү. Нөгөө орлогч Т.Даваадалай нь “Бодь” группт ажиллаж байгаад шууд энэ суудалд ирсэн нэгэн. Түүнийг “Бодь” группийн эзэн Данзандоржийн Баясгалан Х.Нямбаатарын дэргэд тавьсан биет төлөөлөгч ч гэдэг.
Өөрөөр хэлбэл, хотын удирдлага гэдэг ард түмнээс ургасан баг биш, харин албан тушаал, ашиг сонирхлын хэлхээ болсон хүрээлэл гэж болно. Ийм хүмүүс өнөөдөр иргэдийг оноожуулна, шошголно, ангилна гэж яриад сууж байна.
Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “төлгөн коммунист” хэмээн нэрлэж байсан нь зүгээр нэг хоч биш, зан араншинг нь яг онож хэлсэн тодорхойлолт гэдэг. Учир нь Х.Нямбаатар жил бүр идэр өвлийн ес эхлэхтэй зэрэгцэн автомашиныг тэгш, сондгой дугаараар зорчуулах хязгаарлалт зарладаг. 2025 онд ч мөн ийм шийдвэрийг албан бусаар Тээврийн цагдаагийн албанд даалгасан байхад нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар ЦЕГ-т үүрэг өгсөн” гэж мэдэгдсэнээр зогссон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 16.3-т өмчийг шударгаар олж авах, эзэмших эрхтэй гэж заасан. Харин Х.Нямбаатарын өвлийн хүйтэнд автомашиныг тэгш, сондгой дугаараар нь хязгаарлах шийдвэр гаргадаг нь эдгээр заалтыг илтэд зөрчиж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, Хотын дарга Х.Нямбаатар иргэдийн амьдралын бодит нөхцөлийг үл тоож шийдвэр гаргадаг нэгэн.
-Х.НЯМБААТАРААС УЛААНБААТАР ХОТ ХЭРХЭН САЛАХ ВЭ-
Хотын дарга Х.Нямбаатар иргэний баталгаатай эдлэх дээрх эрхүүдийг удаа дараа ноцтой зөрчиж ирсэн. Тиймээс түүнд хариуцлага тооцож, огцруулах хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэх иргэд олон байх болсон. Угтаа бол НИТХ нь нийслэлийн Засаг даргын ажилд хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой байгууллага. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хяналт, тэнцэл алдагдаж Хотын дарга Х.Нямбаатар нь НИТХ-ын даргадаа "томорч", төлөөлөгчдийг загнадаг болсон. Мөн түүний ойрын хүмүүс ч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гэдэг. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар эрх мэдлийнхээ хүрээнд Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлыг хөндөж болох нь. Тиймээс Хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардах нь илүү бодитой байж магадгүй байна.