Ираны удирдагч "жагсаалын үеэр олон мянган хүн амиа алдсан" гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Ираны удирдагч "жагсаалын үеэр олон мянган хүн амиа алдсан" гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи сүүлийн өдрүүдэд тус улсад өрнөсөн жагсаалын үеэр мянга мянган хүн амиа алдсаныг анх удаа олон нийтэд хүлээн зөвшөөрчээ. 

Тэрээр өчигдөр /2026.01.17/ хэлсэн үгэндээ “мянга мянган хүн, тэдний зарим нь хүнлэг бус, зэрлэг байдлаар амь үрэгдсэн” хэмээн мэдэгдээд, уг хохирлыг АНУ болон Израильтай холбоотой этгээдүүдэд хамааруулан буруутгасан байна.

АНУ-д төвтэй Ираны хүний эрхийн төлөө тэмцэгчдийн агентлагийн мэдээлснээр, үймээн самуунд хүчирхийллийн арга хэмжээ авсны улмаас 3,090 хүн амь насаа алдсан гэжээ. Харин зарим идэвхтний бүлгүүд бодит тоо үүнээс хавьгүй өндөр байж болзошгүй гэж мэдэгдэж байна.  Учир нь Иран улс интернетийг хаасан нь үнэн зөв мэдээлэл авахад ихээхэн хүндрэл учруулж байгаа ажээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны жагсагчдыг эсэргүүцлээ үргэлжлүүлэхийг уриалж, Ираны аюулгүй байдлын хүчнийхэн иргэдийг хөнөөвөл цэргийн хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан.

Тэгвэл өчигдөр Аятолла Али Хаменеи мэдэгдэл хийх үеэрээ “Израиль, АНУ-тай холбоотой хүмүүс асар их хохирол учруулж, хэдэн мянган хүний аминд хүрсэн” гэжээ. Мөн тэрээр “АНУ-ын ерөнхийлөгчийг Ираны үндэстэнд учруулсан хохирол, гүтгэлгийнх нь төлөө гэмт хэрэгтэн гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Иранд болж буй жагсаалын талаарх мэдээлэл хомс байгаа бөгөөд интернетийн хязгаарлалт үргэлжилсэн хэвээр байгаа тул газар дээрх нөхцөл байдал тодорхойгүй байгаа ажээ. Мөн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ "саяхны үймээн самууны хариуцлагыг хүлээх ёстой" гэж мэдэгдээд, олон нийтийн сүлжээнд "Америкийн зорилго бол Ираныг залгих" хэмээн бичжээ. 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уг мэдэгдэлд одоогоор албан ёсоор хариу өгөөгүй байна.  Харин АНУ-ын Төрийн департамент Бямба гарагт Иран Америкийн баазуудыг онилох хувилбаруудыг бэлтгэж байгаа талаарх мэдээлэл авсан хэмээн мэдэгдэж, хэрэв ийм дайралт хийвэл "маш хүчтэй хариу" тулгарах болно гэж анхааруулжээ.

Харин Д.Трамп Лхагва гараг /2026.01.14/-т "Иран дахь аллага зогссон" гэж мэдэгдсэн ч, тус улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг үгүйсгээгүй юм.

Түүний энэхүү мэдэгдэл АНУ болон Их Британи Катар дахь Аль-Удейд агаарын баазаас зарим ажилтнаа татан буулгасны дараа гарсан бөгөөд албаны хүмүүс үүнийг "урьдчилан сэргийлэх арга хэмжээ" гэж тайлбарласан юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө