АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран засгийн газрынхаа эсрэг жагсаж буй хүмүүсийг цаазаар авах “төлөвлөгөө байхгүй” талаар найдвартай эх сурвалжаас мэдээлэл авсан хэмээн мэдэгджээ. Гэсэн ч тэрээр Ираны эрх баригчид жагсагчдыг хүчирхийлсэн тохиолдолд АНУ цэргийн арга хэмжээ авах боломжийг үгүйсгээгүй байна.
Д.Трамп Лхагва гараг /2026.01.14/-т Цагаан ордонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Иран дахь аллага зогсож, цаазлах төлөвлөгөө байхгүй гэж надад найдвартай эх сурвалжууд мэдээлсэн” хэмээн хэлж, энэ мэдээлэл үнэн байгаасай гэж найдаж байгаагаа нэмж дурдсан байна.
Тэгвэл Иранд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ болон Их Британи улсууд Катар дахь Аль-Удейд агаарын бааз дахь ажилтнуудынхаа тоог цөөрүүлж эхэлсэн. Тодруулбал, АНУ-ын албаныхан CBS телевизэд өгсөн ярилцлагадаа үүнийг “урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж тодорхойлжээ.
Мөн Их Британи Тегеран дахь элчин сайдын яамаа түр хааж, алсаас ажиллах горимд шилжсэн бол Итали, Польш улс иргэдээ Иранаас гарахыг уриалжээ. Улмаар Герман улс нислэгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC