Тайландын Бан Танон хот руу хөдөлж явсан галт тэрэг дээр барилгын кран унасны улмаас дор хаяж 32 хүн нас барж, 66 хүн гэмтэж бэртсэн байна. Хохирогчдын ихэнх нь сургууль, ажилдаа явж байсан оюутан, ажилчид байжээ.
Ослын дараа галт тэрэгний нэг вагон шатсан тул, аврах ажиллагаанд зүсэх багаж ашигласан байна. Гэмтэгсдийн дунд нэг настай хүүхдээс 85 настай ахмад багтсан бөгөөд долоон хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.
Гал тэрэг дээр унасан краныг Бангкокийг Лаосоор дамжуулан Хятадтай холбох 5.4 тэрбум ам.долларын өртөгтэй төмөр замын төслийн барилгын ажилд ашиглаж байжээ. Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул ослын шалтгааныг яаралтай шалгахыг үүрэг болгосон бөгөөд Тайландын төмөр зам хариуцсан компанийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн байна. Учир нь шинжээчид ослын шалтгааныг хүний алдаатай үйлдлээс болсон байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC