Өнөөдөр АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ Засгийн газрыг огцруулах бичигт 32 гишүүний гарын үсэг цугласан гэлээ.
Тодруулбал, тэрбээр "АН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг оны төгсгөлд илэрхийлж, гарын үсэг цуглуулсан. Гарын үсэг өргөн барих хэмжээний тоонд хүрсэн. Зарчмын шаардлага хэвээрээ байгаа. Засгийн газрыг огцруулна гэдэг нь хоёр үе шаттай процесс. Нэгдүгээрт, саналыг өргөн барих, хэлэлцүүлэхийн тулд 32-оос дээш гишүүний гарын үсгийг цуглуулах, хоёрдугаарт, УИХ-аар хэлэлцэх үед 64-өөс дээш кнопоор огцруулна. Тэгэхээр бидний шаардлага үр дүнд хүрэхийн тулд нэгдүгээрт, Засгийн газар алдаатай бодлогоо засах ёстой. Хоёрдугаарт, бид саналаа хэлбэрийн хувьд өргөн бариад хэлэлцүүлэхээс гадна үр дүнд хүрч, огцруулах ёстой гэж үзэж байгаа. Засгийн газрыг тогтворгүй байлгах нь бидний эхний зорилго биш. Оны төгсгөлд гишүүдийн ирц муу байсан учраас энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бидний байр суурь яг хэвээрээ гэдгийг хэлье" гэлээ.